
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулжээ.
Хуралдааны үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, тайланг хэлэлцүүлж байна.
Хохирлын тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулжээ.
Одоо үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжлэх аж.