
БНСУ-ын Чүнчон хотноо ирэх долдугаар сарын 13-наас наймдугаар сарын 10-нд болох 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцоно.
Тус фестиваль Чунчон хотын Хүүхэлдэйн театрын дэргэдэх “The Chuncheon Puppet Festival Foundation”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, хүүхэлдэйн урлагийн олон улсын нэр хүндтэй, дэлхийн олон орны уран бүтээлчид, мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдгээрээ онцлог юм.
Тус наадамд улсын хүүхэлдэйн театрын жүжигчин О.Минжинсор, жүжигчин Г.Хонгорзул нар БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төв, Чунчон Хүүхэлдэйн театртай хамтран бүтээсэн “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгээрээ оролцоно.
Уг жүжгийг Өмнөд Солонгосын зохиолч Ли Санг Хигийн “Ааруул амтлах мөчид” хэмээх хүүхдийн зурагт номоос сэдэвлэсэн агаад тус бүтээл нь Азийн шилдэг зохиолын уралдаанд шалгарснаар хятад, солонгос, англи, монгол хэлнээ орчуулагдсан юм. Харин тус бүтээлийн зургийг Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнх урлажээ.
Монгол, Солонгос хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд бүтсэн энэхүү жүжиг үндэсний онцлог, соёлын үнэт зүйлсийг хүүхэлдэйн урлагаар дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой.