
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны наймдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.