
Нэр бүхийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт өнгөрсөн долоо хоногт болов. Мөн үеэр ахлах ангиа төгсөж буй сурагчид багш, эцэг, эхчүүдээ хажуудаа суугаад, сургуулийнхаа хашаанд автомашин хөлөглөж байгаа дүрс бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Хүүхдүүдийнхээ баярыг нүсэр тэмдэглэж, нижгэр өнгөрүүлэхийг зорьсон эцэг, эхчүүдийн хүсэл, чинээлэг хүмүүсийн хүүхдүүд суралцдаг гэх далд сурталчилгааг нийгэмд хүргэх гэсэн сургуулийн удирдлагын эрх ашиг, сурагчдад төрж буй нас биед хүрсэн гэх ааг, омог нэг цэг дээр давхацсан нь энэ биз. Гэхдээ энэ хийрхэл, ихэрхэл асар олон сөрөг үр дагавартай. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын хууль тогтоомжид ч үл нийцнэ. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох насны хязгаарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулдаг. Хуулийн 4.3-т “тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар”-ыг дүрмээр тогтооно гэж заасан байдаг.
Одоогийн мөрдөж буй үндсэн насны хязгаарууд:
Харамсалтай нь, цаасан дээрх хуулийг амьдралд дээр мөрддөггүй муу жишгийг бид хүүхдүүддээ ч үлгэрлэсээр байна. Үүний гороор өсвөр насныхан амь нас, эрүүл мэндээрээ хохирох, бусдыг хохироох, ирээдүйгээ үгүй хийх тоо, тохиолдол нэн элбэг. Түүнчлэн энэ бол нэг сургууль, нэг дүүрэг, нэр бүхий эцэг, эхчүүдийн үйлдэл, хийдэл ч биш. Нийтлэг асуудал юм. Үүний тод нотолгоо өнгөрсөн долоо хоногт болов. Орон нутагт насан хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж осолдож, зорчиж явсан нэг хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ төрлийн халаглах багадах үйл явдал манай улсад цөөнгүй бүртгэгддэг. Тоо сөхвөл, прокурорын байгууллагаас хүүхэд холбогдсон зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлахад жилд дунджаар 2,400 гаруй хүүхэд ямар нэг байдлаар зөрчилд холбогддог байна. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 1254 зөрчил бүртгэгджээ. Түүнчлэн тээврийн хэрэгсэл хүүхэд жолоодсон нийт зөрчлийн 46.8 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил дангаараа эзэлдэг аж.
Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй байна. Дөрөвдүгээр сарын 10-наас хойш цахилгаан мотоциклтой 30 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Насанд хүрээгүй, ЕБС-ийн сурагч А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодсон 262 зөрчлийг таслан зогсоож, түр саатуулсан. Эцэг, эх асран хамгаалагчийг 400 мянган нэгжээр торгосон. Түүнчлэн тавдугаар сард ихэнх сургуулиудын хонхны баяр болдог. Үүнтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодох, оюутнууд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барих зэрэг тохиолдол их гарч байна.
Жолооны хүрд бол том хүн болж тоглох тоглоом биш. Үүнийг насанд хүрэгчид анхаарч, сэрэмжлэх нь аюулаас сэргийлэх гол түлхүүр. Тиймээс хүүхдүүдээ хуулиа хүндэлдэг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь нэн чухал.