
Хүн төрөлхтний спортын баяр цэнгэл өвлийн олимпын наадам Итали улсад нээлтээ хийхэд бэлэн болжээ. Ази тивд дараалан болсон хоёр олимпын дараа Европт дахин олимпын бамбар зочиллоо. Өнөөдрөөс эхлэн дэлхийн сая сая үзэгч олимпын эргэн тойрон дахь үйл явдалд умбана.
ОЛИМПЫН БАМБАР ӨНӨӨДӨР МИЛАНД ИРЛЭЭ
“Милано-Кортина 2026” наадмын галт бамбар Олимпын өлгий нутаг Грекийн Олимпиа хотноо 2025 оны арваннэгдүгээр сарын 28-д ёслол төгөлдөр бадамлан ассан. Энэхүү хүндтэй ёслолыг “Парис 2024” наадмын хүрэл медальт, Грекийн тамирчин Петрос Гкайдацис эхлүүлж, Италийн тамирчин, олимпын хошой аварга Стефания Белмондо хамтдаа гүйж, улмаар олимпын аварга Армин Цөггелерт дамжуулан өгснөөр бамбарын аялал эхэлсэн түүхтэй. Энэ өдрөөс эхлэн олимпын бамбар Грекийн түүхэн хотоор аялсаар Ром хотод шилжсэн юм. 2025 оны арванхоёрдугаар сард Ромд ирсэн олимпын бамбар Италийн 20 бүсийн 110 муж нутгаар 12000 км аялан өчигдөр Миланд ирлээ. Дэлхийн өвд багтсан Итали улсын алдартай газраар аялсан олимпын бамбар өнөөдөр Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд асах юм. Хөлбөмбөгийн ариун дагшин сүм гэгддэг тус цэнгэлдэхэд олимпын бамбар асахад хэдхэн цаг үлдлээ. Энэ алдарт цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа аж.

70 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН КОРТИНАД ОЛИМПЫН ТАМИРЧИД ИРЛЭЭ
Италийн ард түмэн өвлийн олимпын XXV наадмыг Миланаас гадна Кортина-д’Ампеццо хотод авч байгаагаараа онцлог болж байгаа юм. Тэртээ 1956 онд долоо дахь наадмыг зохион байгуулж байсан жижиг хотод дахин олимпын тоглолтууд болж байна. Энэ хотод кёрлинг, бобслей, чарга, биатлон, уулын цанын олимпын аваргууд тодорно. Тиймээс тамирчид урьдчилсан тэмцээнд оролцохоор Кортинад байрлаж эхэлсэн. Газар нутгийн байршлаас шалтгаалан тамирчин бүр Миланд болох нээлтийн арга хэмжээнд оролцох боломжгүй. Иймээс нээлтийн ажиллагаанд оролцож амжихгүй тамирчид Кортина-д’Ампеццо, Предаццо, Ливиньо хотод болох жагсаалд нэгдэнэ. 93 орны 3500 гаруй тамирчин Италийн хэд хэдэн бүсэд хуваарилагдан тэмцээндээ бэлтгэж эхэлсэн учир ийн зохион байгуулалтын жагсаалыг тамирчдын байрлаж буй хотуудад хийхээр болжээ.
Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд агуу Андреа Бочелличэгээс эхлээд Америкийн дуучин Мэрайя Кери, Италийн эстрадын од Лаура Паузини нарын дэлхийн одод дуулах юм. Наадмыг зохион байгуулагчид Милан хотод 1000 уран бүтээлч ирнэ гэдгийг мэдээлж байв. Иймээс өнөө шөнө болох нээлтийн арга хэмжээ олны анхаарлыг татаж байна.

МОНГОЛЫН ТАМИРЧИД АНХ УДАА НЭЭЛТИЙН ӨМНӨХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
Олимпын наадмын нээлт эхлэхээс өмнө анх удаа загварын үзүүлбэр боллоо. Энэ нь өвлийн олимпын наадмын түүхэнд тамирчид анх удаа нээлтийн хувцсаараа оролцсон анхны ёслол Миланд болсон нь загварын хотын нэгэн онцлох үйл явдал болж үлдлээ. Спортын талбарт өрсөлдөөнөөр уралддаг тамирчид анх удаа ёслолын хувцастай алхалт хийсэн нь олимпын өмнөх багахан ёслол боллоо. Энэ шоу арга хэмжээнд 15 орон орсны дунд Монголын “GOYOL” брендийн урласан загвар багтаж эх орноо суртачилан таниуллаа. Орон орны нээлтийн ёслолд өмсөх хувцасны шоунд олимпын наадамд анх удаа уралдах уулын цанын тамирчин А.Ариунбат, гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг нар оролцлоо. Тэдний хувьд анхны олимпын наадамд уралдахаас өмнөх загварын нэр хүндтэй ёслолд оролцож, монголчуудын уламжлалт хувцасны хэв маягийг дэлхийн тайзнаа танилцуулсан юм.

МАРГААШААС ЭХЛЭН ОЛИМПЫН МЕДАЛЬТНУУД ТОДОРЧ ЭХЭЛНЭ
Олимпын наадмын нээлтийн өмнө кёрлинг, сноуборд, эмэгтэй хоккей, уран гулгалтын багийн төрлийн эхний тоглолтууд эхэлсэн. Кортина хотод кёрлингийн холимог хосын хэсгийн эхний тоглолт болж олимпын наадмыг эхлүүлсэн. Өчигдөр эмэгтэй хоккейн эхний тоглолтууд явагдлаа. Өнөөдөр болох нээлтийн өмнө уран гулгалтын багийн төрлийн тэмцээн Милан хотод эхэлнэ. Харин маргаашаас эхлэн гүйлтийн цана, уулын цана, сноуборд, тэшүүрийн төрөлд эхний медальтнууд тодорно.
Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах гурав дахь удаагаа, Э.Ариунтунгалаг анх удаа олимпын замд уралдах гэж байна.
“Милано-Кортина 2026” өвлийн олимпын гүйлтийн цанын тэмцээн хоёрдугаар сарын 7-д эмэгтэйчүүдийн скиатлон /10 км чөлөөт+10 км сонгодог/ төрлөөр эхэлнэ. Манай тамирчид Тесеро хотод олимпын бэлтгэлээ эхлүүлсэн. Бидний анхаарал татаж буй гүйлтийн цанын тэмцээн Валь де Фьемме дахь "Tesero cross country skiing centre"-д хоёрдугаар сарын 7-22-ны өдрүүдэд явагдана.
Харин анх удаа олимпын наадамд уралдах уулын цанын тамирчин А.Ариунбат слалом төрөлд хоёрдугаар сарын 16-д уралдана.