
2026 он бол хөлбөмбөгийн жил. дэлхийн нийтээр хүлээж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ердөө 50 хоногийн дараа эхэлнэ.
Анх удаа 48 баг өрсөлдөж, гурван улсад зохион байгуулагдах тус тэмцээний эргэн тойрон дахь үйл явц дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Зуны турш хөлбөмбөгийн ертөнцөөр аялах сая, сая фанатууд хэдийнэ АНУ, Канад, Мексик явах тасалбараа авчээ. Иймд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ямар түвшинд байгаа нь анхаарал татлаа.
2024 оны есдүгээр сард Зүүн Тиморын багийг өөрийн талбайд хүлээн авч 2:0-ээр хожиж байсан Монгол Улсын эрэгтэй шигшээ баг сүүлийн жилүүдэд олон улсын тоглолтод оролцсонгүй. Энэ тоглолт ирэх онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт байсан ч манай баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3-аар ялагдаж байв. Хэдийгээр өөрийн талбайдаа хоёр гоол оруулж түүхэн ялалт авсан ч энэ нь цааш тоглох хангалттай үзүүлэлт биш байв. Энэ тоглолтоос хойш Монгол Улсын шигшээ баг Азийн бүсийн том тэмцээнд оролцсонгүй. Цаашлаад нөхөрсөг тоглолтод ч шигшээ баг дуудагдсангүй. Энэ байдал хамгийн их анхаарал татаж шигшээ багийн тамирчид холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирлээ. Мөн холбооны шинэ ерөнхийлөгчөө хүлээн зөвшөөрөхгүй зэрэг асуудал гарсаар байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны дөрөвдүгээр сарын чансаагаар Монгол Улсын эрэгтэй баг 187-р байрт жагслаа. Манай багийн ард Шри Ланк, Макао, Зүүн Тимор, Гуам, Пакистан, Сан Марино зэрэг 24 орон бичигдлээ. Энэ жагсаалтад нийт 211 орон орсон. Харин эмэгтэй баг 197 орноос 147- р байрт жагссан байна. Олон улсын чансаагаа ахиулж, цаашлаад Азийн бүсийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тоглолтууд тасалджээ. Бүр цаашлаад дотоодын лигийн тоглолт үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болсон байна. Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар “Холбооны өрийг дарсан” гэдэг тайлбараас өөрийг хэлсэнгүй. Хамгийн харамсалтай нь холбооны удаа дараагийн дотоодын халаа сэлгээний дараа шигшээ багийн тоглолт тасалдаж, энэ сард эхлэх байсан лиг ч хойшлогдсон аж.
Манай шигшээ баг хэзээ, ямар багтай тоглох нь тодорхой бус байгаа энэ үед лигийн тоглолт тасалдсан нь анхаарал татлаа. Монголын хөлбөмбөгийн холбооны 2025-2026 оны улирлын дээд лигийн тоглолтын хуваарь энэ сард гарсангүй. 2025 оны есдүгээр сард албан ёсоор эхэлсэн лиг хоёр сарын дараа гэхэд өндөрлөх хуваарьтай. Гэвч багууд энэ сарыг тоглолтгүй өнжиж байна. Хуваарийн дагуу гуравдугаар сард дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл багуудад мэдээлэл өгөөгүй аж.
Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос тодруулахад “Лигийн тоглолт хэсэг засварласан. Хуваарь гараагүй байгаа. Бид ойрын хугацаанд тоглолтын хуваарь гаргана” гэх тайлбараас өөрийг хэлж чадахгүй байна. Гэтэл багууд лигийн хуваарийг хүлээсээр байх хооронд зарим баг лигээс гарах мэдэгдлээ өгсөн аж. 2025 оны есдүгээр сард сэргэлт авч дээд лиг эхэлсэн ч 2026 оны дөрөвдүгээр сард зогсонги байдалд орсон нь Монгол Улсыг төлөөлөх шигшээ багийн тоглолт ч хол байна гэдэг нь үнэний ортой боллоо. Учир нь үндэсний дээд лигт түрүүлсэн баг Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг AFC Challenge League-т тоглох эрхтэй байдаг. Гэтэл эрхийг авах баг хоёр сарын дараа тодрох байтал лигийн тоглолтгүйгээр дөрөвдүгээр сарыг эхлүүлчихлээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш
Бид дээд лигийн эхний тоглолтоо 2025 онд хийчихсэн. Лигийн тоглолтын хуваарь улирал эхлэхэд гардаг. Гэтэл хоёрдугаар тойргийн тоглолт хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хоёр улирлын аварга “Эс Пи Фалконс” баг 2026 он гарсны дараа лигийн тоглолтод тоглох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл энэ баг эхний тойрогт тоглочихсон байдаг. Бидэнд ойлгохгүй олон зүйл байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө шигшээ баг цугларч бэлтгэл хийсэн. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнд энэ оны гуравдугаар сард оролцох байсан ч тодорхойгүй шалтгаанаас болоод цуцлагдсан. Бид өвлийн улиралд бэлтгэл хийх боломжтой бэлтгэлийн баазтай. Шигшээ баг тэр баазад гурав хоног байрлаж бэлтгэл хийсэн ч нэхэмжлэл ирсэн. Уг нь тэр байгууламж нь МХБХ-ных гэж бодож байсан ч энэ үйл явдлаас харахад үгүй юм шиг байна. Гэхдээ үнэхээр энэ холбоонд яг юу болоод байгааг ойлгохоо байгаад удаж байна. Одоо бүр шигшээ баг байдаг, үгүйг ч мартчихсан байна.
Багийн спортыг хөгжүүлж чадвал ямар түвшинд хүрдгийг сагсанбөмбөгийн холбоо харуулж байна. Эх орондоо 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эмэгтэй баг түүхэн амжилт үзүүлж, олимпын наадамд ч эрх авч өрсөлдсөн гээд сагсанбөмбөгийг сайнаар магтах жишээ их бий. Тэртээ 2014 оны Азийн наадамд үзүүлж байсан шигшээ багийн амжилт нь өнөөдөр дахин олимпын эрхийн төлөө явж байгаа нь гайхалтай. Тэр дундаа “Хасын хүлэгүүд” баг “Аваргуудын лиг”-ийн аялан тоглолтыг хийж эх орондоо тивийн багууд урьж байгаа нь бүр гайхалтай. Багийн спортын төрөл хөгжиж болдог гэдгийг сагсанбөмбөгийнхөн харуулсаар байна. Одоо тэдэнд том зориг гарчээ. 3х3 төрлөөр эрх авахаас гадна 5х5 төрөлд тивдээ болоод цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглох том амбиц байна. Олимпын нэг эрх авсан холбоонд одоо дахин зүтгэх итгэл дүүрэн байна. Тэд чадаж байна, сагсчид хөгжиж байна.
Энэ хэрээр дотоодын лиг нь хүчтэйгээс хүчтэй болж ирлээ. Нэгэнт хөгжлийн замдаа гарсан холбооны үйл ажиллагаа ирээдүй хойчдоо том хөрөнгө оруулалтыг ахиулан, давуулан хийж байгааг “Хүслийн лиг”-ээс бүгд харсан. Анх удаа өсвөрийн сагсчид 25 сая төгрөгийн шагнал авч түүнээс гадна дасгалжуулагчид мөн адил мөнгөн урамшууллыг олгож байгаа нь хөгжиж буй холбооны хөшүүрэг нь болж байна. Мөн холбооны дотоодын бүтэц шударга, нээлттэй болсон нь багийн спорт хөгжих боломжтой гэдгийг харуулж чадлаа. Учраа олохгүй яваа хөлбөмбөгийн холбоонд хэлэхэд урд нь яваа сагсанбөмбөгийн холбооноос сайн санаа авмаар байна.
Хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа
Монголд сагсанбөмбөг хөгжөөд гоё болж байна. Спортын аль ч төрөл хөгжихөд заавал мөнгө төгрөг, барилга байгууламжтай холбож болохгүй. Хамгийн гол нь холбооны үйл ажиллагаа чухал. Тус холбоо дотроо шударга, ёс зүйтэй багийг бүрдүүлж чадсан. Мөн байгууллагын том соёлыг оруулж өгсөн нь хүчирхэг болж, институт сайн болж өгсөн. Хөлбөмбөгт гаднаас хангалттай мөнгө орж ирж байна. Бүгдийг нь бэлдээд өгчихлөө. Хөлбөмбөгийн холбоонд бүх төрлийн заал бэлэн байна. Өвөл дотор тоглох заал, мөн гадаа талбай хангалттай бий. Гэтэл дотоод холбооны үйл ажиллагаа болохгүй байгаа. Энэ холбооны хэрүүл нь дуусдаггүй. Харин сагсанбөмбөг яагаад хөгжөөд яваад байна гэхээр холбооны бүтэц сайн байна. Мөн багийн дотоод зохион байгуулалт сайн байна. “Хасын хүлэгүүд” баг олон улсад маш сайн тоглоод эхэлчихлээ. Сагсанбөмбөгийн бусад баг ч “Хасын хүлэгүүд” шиг болох байх.