
Өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн үндсэндээ тэг зогсолтод орлоо. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх гол замууд, гүүрэн гарцууд дээр автомашинууд уртаас урт цуваа үүсгэж, иргэд зорьсон газартаа хүрэх гэж хэдэн цагаар түгжрэв. Харин нийтийн тээврээр зорчдог иргэд автобус хүлээн гадаа удаан зогсож, ирсэн автобусанд нь багтах гэж шахцалдсаар, эцэст нь сууж чадалгүй гэр рүүгээ явган алхахаас өөр аргагүйд хүрэв. Ийнхүү өчигдөр үүссэн түгжрэл ямар учир шалтгаантай байсан талаар холбогдох албадаас тодруулахад, түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь шатахуун түгээх станцуудын гадна үүссэн урт дараалал байв. Тухайлбал, шатахуун авахаар дугаарласан автомашинууд гол зам, уулзваруудын хөдөлгөөнд саад учруулж, үүний зэрэгцээ зам тээврийн осол түгжрэлийг улам нэмэгдүүлжээ. Тодруулбал, аравдугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагийн байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвд зам тээврийн есөн осол бүртгэгджээ. Эдгээр осол нь тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн хурдыг бууруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварт нөлөөлөн, түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар мэдээлэв. Үүнээс үүдэж нийтийн тээврийн автобуснууд нэг талдаа гарч, иргэд олон цагаар хүлээх нөхцөл үүссэн байна. Иймээс нийтийн тээврийн бодлогын газраас зарим чиглэлд богино эргэлт хийж түр зохицуулалт хийжээ. Өнөөдрийн байдлаар гэхэд "М:1 Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээвэр нэг талдаа гарч, гацсан нөхцөл байдалтай байгаа аж.
Шатахуун түгээх станцуудын гадна үүссэн дараалал зөвхөн автомашинтай иргэдийн асуудал биш болжээ. Шатахуун авах гэсэн автомашинууд замын нэгдүгээр эгнээг эзэлж, хөдөлгөөнд саад учруулснаар нийтийн тээвэр ч хэвийн зорчих боломжгүй болсон нь өчигдрийн нөхцөл байдлаас тодорхой харагдав. Уг нь түгжрэлийг бууруулахын тулд иргэдийг нийтийн тээврээр зорчуулах нь нийслэлийн өмнө тулгамдсан асуудлын нэг. Гэтэл замын тодорхой нэг хэсэгт үүссэн ачаалал нийтийн тээврийн хөдөлгөөнд нөлөөлж, автобусны хүлээлтийг нэмэгдүүлж байгаа нь манайд ямар ч асуудалд зохицуулалт хийх нөөц, богино эргэлтээс өөр авах арга хэмжээ байхгүйг илтгэж буй.
Олон улсын жишгээр ийм нөхцөлд автобусыг богино эргэлтээр зорчуулахаас гадна "Ухаалаг удирдлагын нэгдсэн систем (ITS)"-ээр дамжуулан аль хэсэгт ачаалал үүссэнийг шууд тодорхойлж, тухайн бүс рүү нөөцөд бэлэн байдаг "Шуурхай зохицуулалтын автобуснууд"-ыг шууд нэмэлтээр илгээдэг байна. Мөн уулзварууд дээр нийтийн тээврийг хамгийн эхэлж нэвтрүүлдэг аж. Мөн нэгдүгээр эгнээг бүрэн тусгаарлаж зөвхөн зориулалтын тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг тул ШТС-ын очер, автозамын осол зэрэг гэнэтийн асуудал автобусны хөдөлгөөнд огт саад учруулдаггүй байна. Гэтэл манайд эдгээр уян хатан зохицуулалт, нөөц төлөвлөгөөний аль нь ч алга. Харин хотын дарга нь энэ асуудлаа шийдэхийн оронд тоггүй хотдоо тэнгэрийн тээвэр явуулах талаар хэлэлцэж буй. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард болсон “CОP 17” бага хурлын үеэр Улаанбаатар хотод “SkyShutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлээс мэдээлсэн. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва, “Sky Shuttle” нь хамгийн сүүлийн үеийн ногоон, ухаалаг нийтийн тээврийн шийдэл бөгөөд дэлхийд тэргүүлэгч технологийн байгууллага BYD компанитай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн юм. Ийнхүү “Sky Shuttle” нийтийн тээвэр төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа аж. Гэтэл иргэд нь нийтийн тээвэртээ багтахгүй, богино эргэлт хийгээд нэмэргүй нөхцөлд байхад хотын дарга тэнгэрийн тээвэр буюу “SkyShutlle”-тай болно гэж элийрэх нь хэр зөв шийдвэр вэ.
Уг нь нийтийн тээврийн тоогоо нэмээд энэ салбараа сайжруулаад авбал иргэд хүссэн хүсээгүй автомашинаас татгалзаж нийтийн тээврээр зорчдог болно. Одоогоор өглөө, оройдоо автобусандаа багтаж чадахгүй байгаа иргэд зам дээр хувийн унаатайгаа түгжрэхийг л илүүд үзнэ. Харин үлдсэн хэсэг нь нийтийн тээвэртээ багтахгүй тул халтиргаатай зам дээрээ алхахаас өөр сонголтгүй өвлийг угтаж байна...