
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойд талд газрын хэсэгт барилгажилт, нягтаршил ихтэй тул барилгын зориулалтаар олгосон 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгоно.
“Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест”, “Алханатрейд” ХХК-д энэхүү газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" 42 дугаар захирамжаар тус тус анх эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй учир хуульд заасан энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргажээ.