
Бээжин эдийн засгийн өсөлт удааширч буй нөхцөлд банк, даатгалын компаниудын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хятадын санхүүгийн салбарт 54 тэрбум ам.долларын хөрөнгө нийлүүлэхээр болжээ.
Олон тооны санхүүгийн байгууллага Сангийн яам болон тус улсын тамхины төрийн монополийг эрхэлдэг компани зэрэг төрийн байгууллагуудаас хэдэн тэрбум юанийн хөрөнгө оруулалт авахаар болсон аж.
Энэхүү дэмжлэг нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс сул өсөлтийн үеэс гарахад хүндрэлтэй байгаа шинж тэмдэг илэрч буй үед санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах болон аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хятадын хамгийн том амьдралын даатгалын компани болох China Life Insurance 35 тэрбум юань авах бол China Taiping Insurance Group 7 тэрбум юанийн хөрөнгийн дэмжлэг авахаар болжээ.
People's Insurance Company of China Сангийн яаманд чиглэсэн A ангиллын хувьцааны хаалттай байршуулалтаар 15 тэрбум юань хүртэлх хөрөнгө босгохоор төлөвлөж байна. A хувьцаа нь Хятадад бүртгэлтэй компаниудын үнэт цаасыг дотоодын зах зээл дээр арилжаалах боломж олгодог хувьцааны төрөл юм.
Босгосон хөрөнгийг компанийн өөрийн хөрөнгийг нөхөх, санхүүгийн нөөцийг бэхжүүлэхэд ашиглах ажээ.
Энэхүү санаачилга нь Бээжингийн зүгээс хөрөнгийн зах зээлийг дунд болон урт хугацааны хөрөнгөөр дэмжих чиглэл өгсөн төрийн өмчит даатгалын компаниудыг бэхжүүлэхэд тусална гэж үзэж байна. Мөн зохицуулагч байгууллагуудад жижиг, эрсдэл өндөртэй даатгалын компаниудын үйл ажиллагааг удирдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
Даатгалын салбарын ашигт ажиллагаа буурчээ
Хятадын даатгалын салбар удаан хугацаанд үргэлжилсэн бага хүүгийн орчны улмаас ашигт ажиллагаа нь буурч, олон жижиг, дунд хэмжээний даатгалын компанийн төлбөрийн чадварын үзүүлэлт муудсан.
China Life компани мэдэгдэлдээ “Энэхүү хөрөнгийн нэмэгдүүлэлт нь санхүүгийн салбарын бодит эдийн засагт үйлчлэх чадавхыг сайжруулж, санхүү болон даатгалын салбарын өндөр чанартай хөгжлийг дэмжих улсын чухал алхам юм” гэжээ.
Мөн энэ нь тус группийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Төрийн гурван том банканд 290 тэрбум юанийн хөрөнгө нийлүүлнэ
Үүнээс тусад нь, төрийн өмчит гурван зээлдүүлэгч банк ням гарагт нийтдээ 290 тэрбум юанийн хөрөнгийн дэмжлэг авахаа зарлажээ.
Энэхүү төлөвлөгөөг анх энэ оны гуравдугаар сард болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жилийн чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн онд зарим томоохон төрийн банкуудыг бэхжүүлэхэд ашигласан санхүүжилтийн механизмыг үргэлжлүүлж буйн нэг хэсэг нь энэ юм.
Хятадын хамгийн том төрийн банкуудын хоёр болох Agricultural Bank of China болон Industrial and Commercial Bank of China нь Сангийн яам, China National Tobacco Corporation болон түүний охин компаниудад A ангиллын хувьцааг хаалттай байдлаар байршуулж, тус тус 160 тэрбум юань, 100 тэрбум юань хүртэлх хөрөнгө босгохоор төлөвлөжээ.
Эдгээр хоёр банк босгосон хөрөнгөө бүхэлд нь өөрийн хөрөнгө болон бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэхэд ашиглана гэж мэдэгдсэн байна. Ингэснээр зээлийн эрэлт сул байгаа хэдий ч Бээжин эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд төрийн банкуудаар дамжуулан зээлийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэх боломжтой болно.