
Хятад улсад долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа хүчтэй далайн шуурганд өртөөд байна. Шуурганд өртөж болзошгүй бүс нутгуудаас хоёр сая орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
Хамгийн өргөн хэсгээрээ 1000 км буюу Франц улсын газар нутгийн хэмжээтэй тэнцэхүйц талбайг хамарч буй Бави шуурга бямба гаргийн орой эргийн дагуух Тайжоу хотод анх хүрч, улмаар шөнө дундын үед Вэньжоу хотыг дайрчээ.
Бави шуурга Хятадад хүрэхээсээ өмнө Японы алслагдсан арлуудыг дайрч, Тайванийн хойд хэсгээр өнгөрөхдөө их хэмжээний аадар бороо дагуулсан юм. Мөн уг шуурганы улмаас Филиппинд хөрсний нуралт үүсэж, хамгийн багадаа 17 хүн амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болжээ.
Хэдийгээр Хятадын эх газарт ирэхдээ хүч суларч, тропикийн хүчтэй шуурганы хэмжээнд хүрсэн ч асар их хэмжээний чийгшил, хур тунадас тээж байгаа тул үер усны аюул өндөр хэвээр байна. Цаг уурын албаныхны мэдээлснээр, шуурга баруун хойд зүгийг чиглэн урагшлах тусам хүч нь аажмаар сулрах төлөвтэй байгаа аж.
Эрх баригчдын мэдээлснээр, ням гарагт Жэжян мужийн зүүн хэсэг болон Фужиань мужийн зүүн хойд хэсгээр онцгой их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байна.
Жэжян мужид одоогоор 1.7 сая гаруй хүнийг, хөрш зэргэлдээ мужуудад мөн хэдэн мянган иргэнийг аюулгүй бүсэд шилжүүлээд байгааг төрийн өмчит хэвлэлүүд мэдээлэв. Байгалийн гамшгийн улмаас Жэжян мужид сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үйл ажиллагаа болон гадаа талбайн арга хэмжээнүүдийг бүрэн зогсоож, 400 гаруй нислэгийг цуцлан, олон арван галт тэрэгний чиглэлийг хаагаад байна.