“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” Монголын Урчуудын эвлэлийн галерейд нээлтээ хийлээ.
Энэ удаад тус галерейн үүдээр ороход нэгэн нууцлаг, шидийн ертөнцийн хаалга татан явж орох шиг болно. Тэнд монгол ардын үлгэрийн дүрүүд болох долоон өндөгтэй доголон шаазгай, зальт шар үнэг, цуутын цагаагч гүү, өнчин цагаан ботго бий. Мөнхүү уран бүтээлчдийн өөр, өөрсдийн өнгө төрх, үзэл санаа, урлахуйн ухааныг хадгалсан содон, өвөрмөц хүүхэлдэйнүүдийг харж болно.
Ихэнх хүүхэлдэйнүүдэд өөрсдийн орны ахуй амьдралын онцлог, хүмүүсийн дүр төрхийг нэвт шингээжээ. Үүнээс гадна эртний онго шүтээн, бэлгэдэлт зан үйлийг шингээсэн хүүхэлдэйнүүд ч бий.
ДАЛД ЕРТӨНЦТЭЙ ХОЛБОГДОХ НЬ
-660x0.png)
Хүүхэлдэй урлал 40 мянган жилийн түүхтэй аж. Хүн болоод амьтны дүрийг шингээж бүтээсэн эл урлагийн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй гэж үздэг. Учир нь тэдгээр цаг хугацаанд амьдран буй ертөнцийг далд ертөнцтэй холбох зорилготойгоор онго шүтээний дүрийг мод, чулуугаар сийлэн урладаг байв. Тиймээс ч хүүхэлдэй урлал нь нэн эртний үеэс улбаатай гэж үздэг.
Хэдхэн хоногийн өмнө доктор Ц.Одбаатар ахлагчтай судалгааны баг 2014 оноос хойш хийсэн судалгаа, археологийн малтлагын үр дүнд Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэх газраас 15х3.5 сантиметр хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр олсон билээ. Уг ховор олдвор нь монголчууд хүүхэлдэй урлалын эртний уламжлалтай байсан гэх таамаглалыг үүсгэсэн юм.
Тус хүүхэлдэйн олдвороос үзэхэд мөн л шүтээн, аливаа зан үйлийн бэлгэдэлтэй холбоотой байж болох боловч нөгөө талаас монгол оронд амьдарч байсан хүмүүс уг урлагийн бүтээлийг туурвиж байсан гэх баримт нотолгоо билээ.
УРЛАГИЙН ТҮВШИНД ХҮРСЭН НЬ
-660x0.png)
Монголд хүүхэлдэйн урлал 1976 оноос урлагийн мэргэжлийн түвшинд хөгжжээ. Тухайн үед Дүрслэх урлагийн сургуульд “Хүүхэлдэй сувинерийн анги” бий болж “Модон урлалын тасаг”-т “Хүүхэлдэйн тасаг” шинээр нээгдсэн байна. Тус ангид хүүхэлдэй урлах, модон хүүхэлдэйг чимэглэх зураачдыг бэлтгэж байв.
2012 онд хүүхэлдэй урлаач, зураач Д.Доржхорол “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ дэглэсэн нь Монголд хүүхэлдэй урлалаар дагнасан анхны үзэсгэлэн болж тэмдэглэгдэн үлджээ.
Энэ үеэс хүүхэлдэй урлаачид олноор бий болж ноос ноолуур, арьсан эдлэл, цаас, мод зэрэг материалуудыг ашиглан хүүхэлдэй урлах болсон байна.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙД
-660x0.png)
Хүүхэлдэй бол гагцхүү бусад урлагийн төрлүүдийн адил хувь уран бүтээлчийн сэтгэлгээний урлаг билээ. Энэ удаагийн үзэсгэлэн монгол хүүхэлдэйн уран бүтээлчдийг нэгтгэж буйгаараа онцлогтой.
Мөн уран бүтээлчийн уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар буюу цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүдийг дэлгэжээ.
Өдийг хүртэл ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, түүх соёлын илэрхийлэл болох, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх зэрэг мэт үүргүүдийг хүүхэлдэй урлал нь гүйцэтгэсээр ирсэн юм.
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
Б.Алтанхуяг