
Украин, Орос хоёр ням гарагт тус тусдаа хүний амь хохирсон халдлага үйлдсэн хэмээн бие биеэ буруутгалаа.
Украин хил дамнасан цохилтоо эрчимжүүлж буй энэ үед Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин ердөө 12 цагийн дотор Украины 285 дроныг илрүүлж, устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус яамны мэдээлснээр, дронуудыг Москвагийн цагаар 08:00-20:00 цагийн хооронд устгасан аж. Халдлагын ихэнх нь Оросын төв болон баруун бүс нутгуудад бүртгэгдсэн байна.
Волга мөрөн болон Уралын нурууны хооронд орших Башкортостан бүгд найрамдах улсад ч дронууд илэрсэн гэж мэдээлжээ.
Москва хотын захирагч Сергей Собянин Telegram сувгаараа дамжуулан “Нийслэл рүү чиглэж байсан таван дроныг агаарын довтолгооноос хамгаалах хүч устгасан” гэж мэдэгдсэн. Москва руу чиглэсэн ийм төрлийн дрон халдлага сүүлийн саруудад тогтмол гарах болсон юм.
Ням гарагт хоёр тал хоёулаа хүний амь хохирсон халдлага үйлдсэн хэмээн бие биеэ буруутгажээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ Украин улсын Одесса боомтод цохилт өгч, дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн. Украины Харьков хотод орон сууцны барилга цохилтод өртөж, 3 хүн амиа алдан, 37 хүн шархаджээ.
Үүний зэрэгцээ Оросын Белгород мужийн эрх баригчид Украины дроны халдлагын улмаас 5 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан гэж мэдээлсэн байна.