АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахиа сонгогдож Цагаан ордонд эргэж ирснийхээ дараа дэлхийн улс орнуудтай татварын дайн эхлүүлсэн. Үүний дараа улс орнууд Америкийн Засгийн газартай худалдааны гэрээ хэлцлээ шинэчлэх ажлыг ээлж дараалан эхлүүлээд байгаа юм.

Хамгийн сүүлд тэрээр Вьетнам улстай худалдааны гэрээгээ шинэчилсэн тухайгаа зарлалаа. Трампын импортын татварыг хамгийн өндөр нэмэх шийдвэр гаргасан улс орнуудын нэг нь Вьетнам байсан юм. Трамп Вьетнамд 46 хувийн татвар ногдуулаад байсан. Уг шинэчилсэн гэрээгээр Трамп Вьетнамаас АНУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг 20 болон түүнээс доогуур тогтохоо мэдэгджээ. Харин Вьетнамаар дамжиж АНУ руу экспортлох гуравдагч орны бараа бүтээгдэхүүнд 40 хувийн татвар оноох шийдвэрийг гаргасан байна. Хариуд нь Вьетнам улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлохоор болжээ.

Вьетнам улс нь Америкийн 10 дахь том худалдааны түнш юм. Харин Америк нь Вьетнамын хамгийн том худалдааны түнш ажээ. Америкийн дараа Хятад, Өмнөд Солонгос, Япон бичигддэг байна. Өнгөрсөн онд Америк, Вьетнам хоёр улсын худалдаа 137 тэрбум ам.долларт хүрчээ.

Америк Хятадтай 2017-2021 оны хооронд буюу Трампыг анх удаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн жилүүдэд худалдааны салбарт зөрчилдөх болсон. Энэ үеэр Вьетнам Америкийн худалдаа тэсрэлттэй өссөн байна. 2018 онд Америк Вьетнамын худалдаа 50 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байсан бол өдгөө гурван оронтой тоонд шилжээд байгаа юм.

Доналд Трамп Социалист бүгд найрамдах Вьетнам улстай худалдааны хэлэлцээр хийсэндээ гүн хүндэтгэлтэй хандаж байна гэж мэдэгдэлдээ дурджээ.

Вьетнамын Засгийн газар ч мөн хоёр улс цаашдын худалдааны орчинд тохиролцолд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдээд байна. Трампын гаргасан татварын хэмжээг өөрчлөх шийдвэр хэрэгжих хугацаа ирэх долоо хоногийн дундуур эхэлнэ. Түүнээс урьтаж Вашингтон худалдааны томоохон түншүүдтэйгээ худалдаа татварын гэрээ хэлцлээ шинэчлэн шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа юм.

Трамп Энэтхэг, Япон зэрэг худалдааны хэмжээгээр дээгүүрт эрэмбэлэгддэг орнуудтай хэлэлцээрээ үргэлжлүүлж байна.