
Монголын сонгодог дартсын холбооноос дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй дартсыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль”-ийг зохион байгуулж байна. Өчигдөр “Их наяд” худалдааны төвийн “Трипл эвент холл”-д эхэлсэн фестивальд 10 орны 2000 орчим тамирчин оролцож байна. Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”, “Ulaanbaatar Open Darts”, “Professional Darts Corporation”-ын Азийн цуврал тэмцээний аваргуудыг тодруулна.
Гурав дахь удаагаа болж буй фестивальд дэлхийн хоёр удаагийн аварга, Японы тамирчин Микүрү Сүзүки, Азийн аварга Морамацү, Сингапурын домогт тамирчин Пол Лим нарын тамирчид оролцож байна. Түүнчлэн Герман, Филиппин зэрэг орноос чансааны оноо цуглуулахаар тамирчид иржээ. Энэхүү тэмцээнд оролцож буй манай тамирчид дэлхийн чансааны оноог эх орондоо авах боломжтой болсон байна. Мөн өсвөр, залуучуудын ангилалд өрсөлддөг тамирчид насанд хүрэгчдийн ангилалд оролцох боломжтой болжээ.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг бөгөөд ням гарагт өндөрлөнө.
