
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэг парламентын дарга нь аль нэг намын дарга байх нь зохимжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнийг бид хэн нэгэн хүнд зориулж яриагүй. Өмнө нь ярьж байсан асуудал.
М.Энхболд, З.Энхболд нар намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан нь зөв жишиг биш байсныг бид мэдэж байгаа. АН энэ асуудлаар дахин ярилцах шаардлагатай байна. Тиймээс үдээс хойш 14:00 хүртэл завсарлага авъя" гэв.
Чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэг завсарлага өгч, хуралдааныг 14:00 цаг хүртэл хойшлууллаа.