
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийн зургаан жилийн хугацаагаа гүйцээлгүй өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдлөө. Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 104 гишүүн оролцож, 92.3 хувийн саналаар дэмжигдсэн юм. Ийнхүү 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 6 жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас 221 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Хэлсэн ёсоор нь бол иргэн У.Хүрэлсүх одоо гүтгэгдсэн нэр төрөө сэргээлэх учиртай. Гэхдээ энэ бол У.Хүрэлсүхийн сэргээх ганц зүйл нь биш болов уу. Тэр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцохдоо намын гишүүнчлэлээ ч сэргээнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн чуулганы хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгодог парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал хоёрын нэгийг сонгох ёстойг хэлээд буусан. Түүний улс төр энэ чиглэлд өрнөж болох юм. Гэхдээ энэ бол одоохондоо ердөө таамаг. Харин баттай нэг зүйл бол У.Хүрэлсүх ингээд их улс төрөөс бүрмөсөн холдож байна гэвэл түүн шиг өрөөсгөл дүгнэлт байхгүй. Өмнөх түүхээс нь харахад УИХ-ын гишүүнээс, Шадар сайдаас, Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Гэхдээ тэр явдаг ч илүү амбицтайгаар эргэн ирж чаддаг улстөрч.
Ийнхүү эрх баригч намын дотоод зөрчил нэг Ерөнхийлөгч, хоёр УИХ-ын дарга, хоёр Ерөнхий сайдыг огцруулж чөлөөлснөөр угжирч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч шалгуулахаар болсонтой зэрэгцээд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Түүний оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргаад байна. Мөн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авчээ. Н.Учралын хувьд баялгийн хулгайтай нэр нь холбогдсон, тухайн үед төрд ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлээд байна.
Сонгуулийн чимээ
Ээлжит сонгууль явагдах хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2026 оны арваннэгдүгээр сард дуусгавар болсон тул 2027 оны гуравдугаар сар гэхэд сонгууль зохион байгуулах шаардлага үүсэж байна. Тиймээс ээлжит сонгуулийн товыг 2026 оны арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтоох юм.
Парламентад суудалтай улс төрийн намууд өнөөдрөөс дотоод сонгуулиа албан ёсоор зарлаж эхэллээ. Ардчилсан намын хувьд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат Ерөнхийлөгчид нэр дэвших эрх авахаар бүртгүүлжээ. Харин ХҮН намын Удирдах зөвлөл баасан гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб байгууллаа. Эрх баригч намын Удирдах зөвлөл ойрын хугацаанд сонгуулийн штабаа эмхлэх бололтой.
Ерөнхийлөгчийн тамгыг хүлээн авч, төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн УИХ-ын дарга С.Бямбацогт харин сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр "Хуулиа сайн судалж байж цаашид Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ тодорхой болгоно. Үндсэн хуульд Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй байхаар заасан байдаг. Мөн бусад хуулиар 45 бүрэн эрхтэй юм билээ. Би УИХ-ын даргад нэр дэвшиж байхдаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ" гэв.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг анх удаа тэргүүлэв
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалав. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой.
2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Булган 34.0, Говь-Алтай 39.4, Завхан 40.6, Төв 42.7, Дундговь 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.
Хаврын морин уралдааныг сэргээх үү
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын танхимд багагүй маргаан дагууллаа. Өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хороо дэмжсэн. Ерөнхий сайд Н.Учрал хаврын морин уралдааныг сэргээх тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол УИХ-ын дарга С.Бямбацогт "Хаврын морин уралдааныг хориглосноор асуудал шийдэгдэхгүй. Ил тод, хариуцах эзэнтэй болгож, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах нь чухал" хэмээв. Энэ мэтчилэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар төрийн түшээд төдийгүй иргэдийн дунд ч санал зөрөлдөх асуудал олон байгаа юм. Баасан гарагт хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулах байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.
2025 онд хурдан морины уралдааны үеэр нийт 343 хүүхэд мориноос унажээ. Хуульд найм болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морь унуулахаар заасан. Харин Засгийн газрын 2019 оны шийдвэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон юм.
2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй
Арваннэгдүгээр сард дулаарч байгаад гэнэт цас их орсон нь 2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүсгэж буй. Тухайн үед баруунаас чиглэлтэй хур тунадасны хэмжээ нэмэгдэж, эргэн дулаарч хайлан, улмаар шилэн зуд болсон. Энэ үед мөсөн бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл үүсдэг. Хашир малчид төдийгүй мэргэжлийн байгууллагуудын хийсэн үнэлгээ ч ийм эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байгаа аж.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаан хайрхан суманд зудын өндөр эрсдэлтэй байна. Мөн Хангайн нуруугаа дагасан Завхан аймгийн хойд сумд өндөр эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл баруун таван аймаг, жил бүр туурайн зудтай, бэлчээрийн даац муу байдаг Баянхонгор, Өвөрхангай аймаг, мөн Сүхбаатар Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд зудын эрсдэл өндөр, малын хорогдол илүү гарч болзошгүй гэлээ.