
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг. Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусгасан. Улмаар “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2026 онд монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн 50 хувийг цахимаар шалгалтад хамруулахаар төлөвлөж байжээ.
Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайд өгсөн байна.
Дээрх чиглэлийн дагуу 2026 оны гуравдугаар сарын 07-ны өдөр “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй болсон талаар БҮТ мэдээллээ. Иймд монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Улмаар 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр болон 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулах аж.