Умард Солонгосын аюул заналхийллийн эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой БНСУ, АНУ, Японы хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсэн тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

"Freedom Edge" нэртэй уламжлалт цэргийн сургуулилт есдүгээр сарын 15-наас 19-ний хооронд Өмнөд Солонгосын Чежү арлын зүүн болон өмнөд хэсэгт олон улсын усан бүсэд болно.

Сургуулилалтын үеэр пуужингийн довтолгооноос хамгаалах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, түүнчлэн агаарын довтолгооноос хамгаалах, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт, далайд саатуулах ажиллагааны дадлага сургуулилалт явагдах аж.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал энэ сургуулилалт нь "Ази-Номхон далайн бүс нутагт энх тайвныг тогтоох, хамгаалахад улс орнуудын хамтын амлалтыг харуулж байна" хэмээн мэдэгдэв.

Харин Умард Солонгосын зүгээс хамтарсан сургуулилалт нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж, сөрөг үр дагаварт хүргэнэ гэж шүүмжилсэн байна.