
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлийн 685 дахь дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
НЭГ: Хүүхэдгүй “өрх” монгол өрхийн 41 хувийг эзэлж байна
Монгол Улсын өрхийн тоо 2025 онд нэг саяд хүрчээ. YouTuber байсан бол Silver Button авах хэмжээний амжилт ч юм шиг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнд гарсан уг тоо манай улсын өрх 2020 оноос 12.1 хувиар нэмэгдсэн гэдгийг харуулав. Бүр нийт өрхийн 67.3 хувийг эхнэр, нөхөр, хүүхдүүдтэй амьдарч буй өрх эзэлсэн нь ч тодорчээ. Харамсалтай нь өсөн нэмэгдэж буй өрхийн бүтэц эсрэгээрээ өөрчлөгдсөн санаа зовмоор тоо ч мөн байна. Тодруулбал, Монгол Улсын нийт өрхийн 41 хувь нь хүүхэдгүй өрх байгаа аж. Ганц бие залуу, үр хүүхэд нь үүрээ орхисон ахмад настан уг өрхийн тоонд багтаж байгаа ч хүүхэдгүй “өрх” монгол өрхийн 41 хувийг эзэлж байгаа нь өөрөө анхаарал татсан тоо билээ. Үлдсэн өрхийн 59 хувь нь хүүхэдтэй (гэхдээ 1-2 л хүүхэдтэй) гэх өнөөгийн бүтэц төрийн хэмжээнд анхаарах хэрэгтэй асуудал билээ.
Л.Эрдэнэжаргалын “Монголчууд олуулаа болохгүй нь” нийтлэлээс
ХОЁР: Цахимд бүтээдэг дүр
Цахим хэрэглэгч байх нь буруу зүйл огт биш. Илүү сайн хэрэглэж сурах нь ч чухал биз. Харин бидний цахим дээр гаргадаг үйлдэл, дүр эсгэдэг сэтгэл зүй, зөвхөн сайн хүн болж харагдах гэх сэтгэлгээ өөрт эерэг нөлөөтэй алсдаа хэрхэн сөрөг үр дагавар авчрах тухай бодолцоод үзэхэд илүүдэхгүй. Үргэлж шүүмжлэл давамгайлсан нөхцөлд аль нэг тал олны дэмжлэгээр бурууд гарших, хортой зүйл хийх явдал газар авна. Үүний үр нөлөөг ч бид зарим талаар хангалттай эдэлж буй. Тиймийн тул бодох, бодлоо сийрүүлж цахимд тунхаглахаас илүүтэй бодит ахуйд бүтээж, цогцлоох хүртэл хол зай бийг тунгааж явахад гэмгүй.
Б.Алтанхуягийн “Цахимд зориулсан сэтгэлгээ” нийтлэлээс
ГУРАВ: Гишүүд шударгаар сонгогдох хувилбарыг дэмжих үү
Сонгогчдод өөрийн хүслээр, шударгаар саналаа өгөх боломж олгохгүй, бэлэг сэлт, үнэгүй үйлчилгээ үзүүлэх, эсвэл дарамтлах байдлаар нөлөөлөх энэ бүх арга зам нь ардчиллын мөн чанарыг устгаж буй хэрэг юм. Монголчуудын санаа зовомтгой, “үнэнч” байдлыг ашиглаж буй хэлбэр. Өнөөдрийн парламентын дүр төрхөөс үүний сөрөг үр дагаврыг бид хангалттай харж байна. Тиймээс энэ бүх замбараагүйтлийг таслан зогсооход дээрх хуулийн төсөл чухал нөлөөтэй. Гэвч эл тэмцэл нь үр дүнд хүрч, улстөрчдөөс дэмжлэг авч чадах уу гэсэн гол асуулт бий. Ж.Баярмаа гишүүн энэ талаар “Энэ байдал явсаар улстөрчид байнга л тойргийн сонгогчдодоо бэлэг тарааж, асуудлыг нь шийдэж өгч байх ёстой мэт хандлага тогтсон. Энэ нь тэдэнд эргээд дарамт учруулдаг юм байна. Тиймээс зарим улстөрч надад эл хуулийн төслөө хурдхан өргөн барьж, батлуулж өгөөч гэж хүсэж буй. Би лобби бүлэг байгуулж, гишүүдтэй тулж ажиллана” гэлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчдөөр “халамжлуулсаар” дассан сонгогч олон. Тэд шат шатны ИТХ, хороо нь шийдэх асуудлаар хүртэл шууд л УИХ-ын гишүүнд ханддаг болжээ. Нөгөөдүүл нь дахин сонгогдохоо бодоод шийдэх гэж хичээнэ. Энэ мэтээр тавьсан зангандаа улстөрчид өөрсдөө орооцолдоод уджээ. Тиймээс Ж.Баярмаа гишүүнийг дэмжих улстөрч санаснаас олон ч гарч мэдэх. Юу болохыг харж байя.
С.Туулын “Санал худалдан авахыг зогсоох тэмцэл үр дүнд хүрэх үү” нийтлэлээс
ДӨРӨВ: Монголчуудын сайн сайхан байдлыг юу үгүй хийдэг вэ
Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь сарын орлого болон сайн сайхан байдлын хоорондын хамаарал юм. Орлого нэмэгдэхийн хэрээр ажил хөдөлмөр, бие махбодын эрүүл мэнд, нийгмийн харилцаа, санхүү, сэтгэл зүй, амьдралын сэтгэл ханамжийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сайжрах хандлагатай байжээ. Эцсийн дүндээ сайн сайхан амьдрал гэдэг нь сарын цалингаа аваад зээлээ төлөхөд дуусдаггүй, маргаашийнхаа тухай айдасгүй бодож, өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж амьдрахыг хэлнэ. Харин монгол хүн хөдөлмөрлөсөн ч амьдрал нь дээрдэхгүй, олсон орлого нь өр зээлдээ шингэж, ирээдүй нь улам бүрхэг болсоор байвал бидний сайн сайхан байдлыг юу үгүй хийж байна вэ. Мөнгө л юм шиг санагдавч мөнгө нь хүрэлцэхгүй амьдрахад хүргэж буй нөхцөл байдал л юм.
О.Эрдэнэчимэгийн “Монголчуудын сайн сайхныг үгүй хийгч нь “мөнгө” нийтлэлээс
ТАВ: Хариуцлагаа умартсан түшээд
УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүд унадаг, асуудал гацаж уддаг, ард иргэдийн амьдралтай холбоотой асуудал шийдэгддэггүй. Үүнийг засаж гишүүдийг хариуцлагатай болгохоор шалтгаангүйгээр таван удаа хурлаа тасалсан болон таван удаа санал хураалтад ороогүй бол нэг сарынх нь цалинг олгохгүй байх дээрх заалтыг оруулсан ч гишүүд дэмжсэнгүй. Харин “Ажлын хэсгийн хурлаа хоёр удаа тасалсан тохиолдолд ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлнө”, “Чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлсэн дарааллаараа асуулт асууж, үг хэлнэ”, “Өглөө эрт ирсэн гишүүд УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын суудлаас бусад хүссэн суудалдаа сууж болно” гэх мэт аахар шаахархан заалтуудыг л дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн тус, тусдаа өргөн мэдүүлсэн 4-5 хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа ч гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг журмаа сайжруулах дорвитой зохицуулалт орсонгүй. Тийм ч учраас зарим гишүүд “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
С.Шийлэгтөмөрийн “Суудлаа олоогүй дээдэс” нийтлэлээс
ЗУРГАА: Хөрөнгийн бирж Сангийн яамны охин компани уу
2026 оны аравдугаар сарын 8-нд Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ТУЗ-өөс гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбатын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаа мэдээлсэн. 2025 оны арванхоёрдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар шинэ гүйцэтгэх захирал томилогдох хүртэлх хугацаанд Д.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан ч ийнхүү жил хүрэлгүй ажлаа өгч байгаа нь энэ. Дараагийн гүйцэтгэх захирлыг томилох хүртэл түүний үүргийг Монголын хөрөнгийн биржийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэн хавсран гүйцэтгэхээр болжээ. 2024 оноос хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд тав дахь удаагаа солигдож байгаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлагын томилгоо нь хувь хүний гэхээсээ илүү системийн асуудал болов. Хөрөнгийн биржэд одоо үүсээд буй засаглалын хямрал, тогтворгүй байдал хувьцааны ханшид нөлөөлж, аравдугаар сарын эхэнд 420 төгрөг байсан МХБ-ийн нэгж хувьцааны үнэ энэ сарын 15-ны байдлаар 353 төгрөг болж унав. Хувьцаат компанийн ТУЗ нь компанийг урт хугацаанд үр ашигтай ажиллуулах үндсэн үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн эцсийн үнэлэмжийг өсгөх зорилготой. Гэвч өнөөдөр Сангийн яамны газар, хэлтсийн даргаас дийлэнх нь бүрдсэн ТУЗ нь олон мянган хувьцаа эзэмшигчийнх нь эрх ашиг хөндөх шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байхад л нүдэн балай, чихэн дүлий мэт сууна.
М.Мөнхжаргалын “Нээлттэй нэртэй “хаалттай” компани” нийтлэлээс
ДОЛОО: “Гэрт ойр сургууль” төсвийн тодотголд багтсангүй
“Гэрт ойр сургууль” хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Нийт 50 тэрбум төгрөгийн төсөвтэй уг хөтөлбөрийн задаргаа ил болж улстөрчдийн холбоо хамаарал бүхий сургуулиудын нэр холбогдон зөвхөн түрээсийн зардалд тэрбум, тэрбумаар нь “өгч-авах” ашиг сонирхлын зөрчил нийгмийн дунд маргаан дагуулсан. Уг маргаан даамжирч 2026 оны төсвийн тодотголоос хасагдсан талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Нийслэлийн 30 000 хүүхдийг хорлосон шийдвэр гаргалаа” хэмээн халагласан постыг цахим хаягтаа оруулжээ. Энэ гэхдээ үнэхээр халаглам асуудал мөн үү? Нэг анги 50 хүүхэдтэй хичээллэхэд ариун цэврийн өрөө ашиглахаас эхлээд тулгарах байсан асуудлуудыг энэ өвөлдөө ямар ч байсан итгэлцлээрээ шийдсэн нь энэ. Түрээсээ өгөхгүй бол нэгдүгээр ангийн 220 орчим сурагч 3 ээлжээр хичээллэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэл ашигтай байх боломжтой. Харин төсвөө батлуулаагүй, зөв хуваарилаагүйн гороор итгэж түншилсэн нэг компани түрээсийн ашгаа алдах, эцэг эхчүүд орой бүрийгээр багачуулаа зөөх эрсдэл үүсэх нь. Энэ бүхний буруутан нь хэн бол. Ашиг сонирхол хавчуулсан төсөл, хөтөлбөр санаачилж итгэл алдсан сайд нь уу, булхай бурууг нь илчилж эхэлмэгц бүгдийг нь зогсоож хаасан гишүүд үү. Маргаашийн орлогыг өнөөдөр хувааж, өөр өөрийн “төсөл”-өө зүтгүүлж улсын мөнгийг хувааж авахаар хичээж яваа төсөв зохиож, батлагсад уу. Буруутан нь хэн байсан ч эцсийн хохирогчид нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууд.
Л.Эрдэнэжаргалын “Буруутан нь хэн бэ” нийтлэлээс
НАЙМ: Францын сорилт
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Францын гудамжинд дэгдсэн үймээн, дээрэм тонуулаас үүдэн Европын либерал үзэл санааны тулгуур болох нээлттэй нийгэм, соёлын олон янз байдал, хүлээцтэй байдлын зарчим урьд өмнөхөөсөө бэрх сорилттой тулгарлаа. Цагаачлалын бодлогыг шүүмжлэгчид үүнийг олон арван жилийн алдааны үр дагавар гэж үзэж байгаа бол нөгөө тал нь эдийн засгийн доройтол, нийгмийн тэгш бус байдал, улс төрийн туйлшралыг гол шалтгаан хэмээн тайлбарлаж буй. Аль нь ч бай бодит байдал дээр Европын нийгмийн эв нэгдэл, төрд итгэх итгэл, либерал ардчиллын ирээдүйг тойрсон эргэлзээ улам гүнзгийрч байгаа нь үнэн билээ. Европын либерал мөрөөдөл зөвхөн хилээ нээж, цагаачдыг хүлээн авах тухай байгаагүй билээ. Дэлхийн II дайны сүйрлээс төрсөн энэ төсөл үндсэрхэг үзлийн сөргөлдөөнийг даван гарч, хууль дээдлэх ёс, хүний эрх, эдийн засгийн харилцан хамаарал, улс төрийн зөвшилцөлд тулгуурласан тогтвортой нийгэм байгуулах зорилготой байв.
С.Лхагвасүрэнгийн “Либерал мөрөөдөл төгсөх үү” нийтлэлээс