
Зүүн европт дайны гал дүрэлзсэн дөрвөн жилийн хугацаанд украин барууны орнуудын зэр зэвсгээс гадна үлэмж хэмжээний санхүүгийн дэмжлэг авсан.
АНУ гэхэд л дангаараа 134 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа бол Европын холбооны гишүүн орнуудын зэвсэг техник, санхүү, хүмүүнлэгийн дэмжлэг 187 тэрбум евро хэдийнэ давсан. Их мөнгөний урсгалыг дагасан хяналтгүй зарцуулалт, батлан хамгаалах салбарт байсгээд л сөхөгддөг авлигын дуулиан Оросын довтолгооноос илүүтэй Украин өөрийгөө цэвэрлэж чадах уу гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж буй. Киевт өдгөө ид өрнөж буй хоёр дайн болох авлигын эсрэг тэмцэлдээ Украин ялагдах юм бол фронтын шугам дээрх ялалт нь ямар ч үнэ цэнгүй болно.
Украины Үндэсний авлигын эсрэг товчоо, Авлигатай тэмцэх прокурорын газрын хамтарсан шалгалтын дараа Эрчим хүчний сайд Свитлана Гринчук, Хуульзүйн сайд Херман Халушченко нарыг огцруулсан нь сарын өмнөх явдал. Цөмийн эрчим хүчний “Энергоатом” группийн 100 сая ам.долларын гэрээнээс шамшигдуулсан байж болзошгүй уг хэрэгт сайд нараас гадна Ерөнхийлөгч Володимир Зеленськийн эртний түнш Тимур Миндич, Ерөнхий сайдын орлогч асан Алексей Чернышов нарын нэр холбогдсон. Украины Үндэсний авлигын эсрэг товчоо 15 сарын хугацаанд хэргийг мөрдөн шалгах явцдаа нийт 1000 гаруй цагийн аудио бичлэг хийж, их хэмжээний мөнгийг нууцаар хууль бусаар тээвэрлэж байгаа зургуудыг ч дэлгэсэн юм.

Их хэмжээний авлигын гэмт хэргийн сэжмээр орсон мөрдөгчид дараа нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрий Ермакийн гэрт нэгжлэг хийв. Зеленськийг жүжигчин байх үеэс нь оюуны өмчийн хуульч, уран бүтээлийнх нь продюсерээр ажиллаж ирсэн Ермак нь Ерөнхийлөгчид хамгийн ойрын шадар хүнд тооцогддог. АНУ-тай хийж буй энхийн хэлэлцээг удирдаж байсан Андрий Ермак нэгжлэгийн дараа шууд албан тушаалаасаа огцорсон бол Зеленський Ерөнхийлөгчийн Тамгын газрыг шинэчлэн зохион байгуулахаа мэдэгдээд буй. Гэхдээ Ермакыг огцруулсанаар авлигын дуулиан дарагдахгүй гэдэг нь тодорхой. Украины Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга асан Игорь Романенкогийн хэлснээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Ермак төрийн засаг захиргаа, яамд, цэргийн агентлагуудад өөрийн хүнээ томилж, нөлөөллийн бүхэл бүтэн систем бүрдүүлсэн аж. Үнэндээ ч сүүлийн үед Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсны Засгийн газраас илүү нөлөөтэй институц болон хувирсан. Сайд нарын томилгоо, прокурорын хувь заяа, шүүхийн дээд шатны шийдвэр хүртэл тэндээс хамаарч байгаа тухай улс төрийн хүрээнд ил яригддаг сэдэв.
Зеленський 2019 онд сонгуульд ялахдаа Украины улс төрд олон жил бугшсан авлигын тогтолцооноос ангид, шинэчлэгчийн дүрээр орж ирсэн. 2022 онд дайн эхэлснээр тэр дэлхийн улс төрийн тэргүүн эгнээнд тодорч, барууны парламентууд алга ташин угтдаг Украины ардчиллын бэлгэ тэмдэг болж хувирсан билээ. Зеленський одоогоор өөрөө авлигын хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан асуудал үүсээгүй. Гэвч улс төрд “хувь хүний ял” гэдэг ойлголтоос гадна институцийн хариуцлага гэсэн өөр нэг хэмжүүр бий. Түүний ойрын хүрээллийнхэн ийнхүү мөрдөн шалгалтын бай болж буй нь Ерөнхийлөгчийг тойрсон ашиг сонирхлын хүрээ хумигдаж буйг харууллаа.
Дайн бол эмх замбараагүй байдлын дээд хэлбэр. Яаралтай худалдан авалт, стратегийн нууц, онц байдал, үндэсний аюулгүй байдал гэх үгс нэгэн зэрэг хяналтын бүх механизмыг сулруулдаг.
Энгийн үед олон шат дамжлага шаарддаг тендер дайны нөхцөлд нэг гарын үсгээр л шийдэгдэнэ.
Ингэснээр авлигын хамгийн таатай орчин бий болох нь мэдээж. Украинд энэ нөхцөл байдал 2022 оноос хойш тогтмол ажиглагдсан. Батлан хамгаалах салбар, зэвсгийн худалдан авалт, хүнсний нийлүүлэлт, шатахуун, дүрэмт хувцас бүгд яаралтай нэрийн дор хяналтаас гадуур мөнгө урсаж эхлэв.
2023 онд ил болсон цэргийн хүнсний нийлүүлэлтийн дуулиан бол үүний тод жишээ. Цэргийн хүнсэнд зориулах өндөг, мах, төмсийг зах зээлийн үнээс хоёр, зарим тохиолдолд гурваас дөрөв дахин өндөр үнээр нийлүүлж байсан нь илчлэгдэн Батлан хамгаалахын сайд Олексий Резников тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорч байв. Хэрэг явдал үүгээр дууссангүй. 2023-2024 онд зэвсэг худалдан авахаар Европ дахь зуучлагч компаниудааар дамжуулсан урьдчилгаа төлбөрөөр тоног төхөөрөмж хугацаандаа ирээгүй, зарим нь бүр огт нийлүүлэгдээгүй нь ил болов. Зэвсэг, сум, хуяг, холбооны хэрэгслүүдийн нийлүүлэлт саатах зуур фронт дээр цэргүүд бодитой хомсдолд орсон. Мөрдөн шалгалтын явцад зарим мөнгө оффшор бүсээр дамжин мөргүй алга болсон нь тогтоогдсон юм. Мөн стратегийн бүтээгдэхүүн, сэлбэг төхөөрөмжийг гаалийн татваргүй оруулж ирээд зах зээлд борлуулсан хэрэг ч хэдэнтээ давтагдав. Дайны явцад генератор, дизель түлш стратегийн бүтээгдэхүүн болж үнэ өсөхөд нийлүүлэгчид том ашиг хүртэж түшмэдүүд хэтэвчээ зузаатгасан тухайд Украины захын иргэн жишээ баримт өгүүлж чадна.

Transparency International байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр Украин улс 104 дүгээр байранд жагсаж буй. ЗХУ-аас тусгаар тогтносноос нь хойш байнга толгойны өвчин байж ирсэн авлигын асуудал Украиныг Европын холбоонд нэгдэхэд нь гол саад тотгор болдог зүйл ч гэж хэлж болно. Цагаан захтануудын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд 2014 оноос хойш тодорхой ахиц гарч авлигын эсрэг тусгай байгууллагууд, прокурор, шүүх бий болсон ч улс төрийн нөлөөнд автах нь олонтаа.
Сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн зун Украины парламент тус улсын авлигын эсрэг тэмцэх хоёр гол байгууллага буюу Үндэсний авлигын эсрэг товчоо болон Авлигын эсрэг мэргэшсэн прокурорын албаны хяналтыг чангатгах тухай хуулийн төслийг баталсан нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Хууль хэрэгжиж эхэлснээр дээрх хоёр байгууллагын биеэ даасан хараат бус байдал алдагдаж, авлигын хэргийг мөрдөн шалгах ажилд улс төрийн нөлөө орно хэмээн эсэргүүцсэн иргэд нийслэл Киевээс гадна Одесса, Львов болон Днепр хотуудад өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулсан юм. Мөн Европын холбооны түншүүд нь тус хуулиа тайлбарлахыг шаардсан тул Зеленський соёрхон баталсан хуулийн төслөө хүчингүй болгож байв.
АНУ, Европ ч тэр Украинд сайн санааны үүднээс бус өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхлоор тусалж байгааг одоо балчир хүүхэд ч ойлгохоор болсон. Харин санхүүжилт бүрийн араас аудит, тайлан, нөхцөлт шалгуур улам чангарч байна. Зеленськийн тушаалаар сайд нарыг саатуулж Тамгын газрын механизм хөдөлгөөнд орж эхэлсэн нь хувь хүний асуудал гэхээсээ илүү барууны шахалт, дотоод улс төрийн тэнцвэр, авлигын эрсдэлийн огтолцол гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, авлига одоо Украины дотоод асуудал байхаа больж, барууны хувьд геополитикийн эрсдэл болж хувирсан.
ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова
Украины талд хуваарилсан мөнгө нь хаашаа явж байгааг хянаж чадах хяналт, шинжилгээний механизм Европт байхгүй.
Володимир Зеленський огцрох бодит эрсдэл одоохондоо үгүй. Дайн үргэлжилж буй нөхцөлд өрнөдийн орнууд, Украины арми ч удирдлагын огцом солилцоонд бэлэн биш. Гэвч батлан хамгаалах салбарын авлигын хэрэгт Ерөнхийлөгчийн шууд оролцоо баримтаар нотлогдон, барууны санхүүжилт ил тод байдлын шалтгаанаар царцах эсхүл армийн улс төрийн дэмжлэг доройтох нөхцөлд Зеленськийн замнал богино хугацаанд гутамшигтайгаар төгсөх магадлалтай.
Тэгэхээр Украины ирээдүй зөвхөн Бахмут, Авдеевка, Харковын фронтоор шийдэгдэхгүй нь. Украины ирээдүйг авлигын эсрэг фронтод давшиж чадах улс төрийн эр зориг нь шийднэ.