
Дэлхий нийт дижитал шилжилтийг хөгжлийн гол тулгуур болгож буй энэ үед Монгол Улс ч “цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд кибер аюулгүй байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд ахиц гарсан ч мэдээллийн аюулгүй байдал дээрх бодит дүр зураг өнөөдөр хөгжил гэхээсээ илүү эрсдэл мэт харагдах болов.
Учир нь дижитал шилжилт гэдэг тоогоор биш, чанараар хэмжигдэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд нийслэлээс хэрэгжүүлж буй зарим аппликейшнүүд иргэдэд бодит шийдэл болохоосоо илүү туршилтын шинжтэй хэрэгжих боллоо.
Нийслэлийн зүгээс түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг айл өрхүүдийн дунд нэвтрүүлсэн. Энэ нь иргэдийг түлшний карт болон иргэний үнэмлэхийн QR кодоос гадна ухаалаг гар утсаар түлшээ худалдан авах боломж бүрдүүлсэн. Товчхондоо, уг апп нь түлш худалдах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлж байгаа гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр тус апп хэрэглэгчдэд тус болохоос илүү ус болов.
Учир нь иргэд “Хотула” аппликейшнийг хэрхэн ашиглах, хэрхэн үлдэгдэл нөөц түлш байгаа зэргийг бүрэн мэдэхэд хүндрэл үүсдэг аж. Тухайлбал, аппликейшн гацах, QR код уншигдахгүй байх, төлбөр шилжсэн хэр нь захиалга баталгаажихгүй байх зэрэг олон асуудал үүссэн хэвээр байгаа аж. Үүнээс гадна өрхүүдийн мэдээлэл харилцан адилгүй, зөрүүтэй байгаагаас үүдэж зарим өрх түлшээ худалдаж авахад хүндрэл учирдаг байна.
Тус “Хотула” аппликейшнийг 1.2 тэрбум төгрөгөөр шууд худалдан авах гэрээг 2025 оны арваннэгдүгээр сарын 2-нд байгуулсан байдаг.
Аппликейшний анхны зорилго нь сайжруулсан шахмал түлшний түгээлтэд хяналт тавих нэгдсэн систем байх ёстой байсан ч явцын дунд чиг үүрэг нь өргөжиж, иргэдийн алхалт, хөдөлгөөнийг бүртгэх “ногоон оноо”-той холбогдсон функц нэмж буйгаа хотын удирдлагууд өнгөрсөн сард мэдэгдсэн.
Аппликейшнийг төрийн худалдан авах ажиллагааны “нэг эх үүсвэрээс худалдан авах” аргаар буюу нээлттэй тендер зарлалгүйгээр гэрээлжээ. Хөгжүүлэлтийг “Дижитал инфосек” ХХК хариуцсан бөгөөд тус компанийн 34 хувийг нийслэлийн өмчит Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХХК эзэмшдэг байна.
Өөрөөр хэлбэл, нийслэл өөрийн оролцоотой компанитай шууд гэрээ байгуулсан гэсэн үг. “Дижитал инфосек” ХХК нь “Ай си ти групп”-ийн охин компани бөгөөд “Хотула” аппликейшнийг нийслэлд тендергүйгээр нийлүүлж, хөгжүүлэлтийг хариуцах болсон аж.
Улмаар гэрээний дагуу 800 сая төгрөгийг 2025 оны арваннэгдүгээр сарын 7-нд урьдчилгаа хэлбэрээр шилжүүлж, үлдсэн 400 сая төгрөгийг 2026 оны төсөвт тусган олгохоор тохиролцсон байна.
Гэвч 1.2 тэрбумын “Хотула” аппликейшн иргэдийн хувийн мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалах вэ гэдэг тодорхой бус хэвээр байна. Аппликейшнд өрхийн бүртгэл, худалдан авалтын мэдээлэл, байршлын өгөгдөл зэрэг эмзэг мэдээлэл бүгд төвлөрч буй. Гэвч эдгээрийг хэрхэн хадгалж, ямар стандартаар хамгаалж, хэн хянаж байгаа нь тодорхойгүй байгаа нь цахим шилжилтийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж буй.
Цахим шилжилт гэдэг нь ердөө аппликейшний тоог нэмж, утасны дэлгэц дүүргэхийг хэлэхгүй. Энэ бол иргэн бүрд ойлгомжтой, хүртээмжтэй, хамгийн гол нь сонголттой үйлчилгээг бий болгохыг хэлнэ. Дэлхийн улс орнууд ч яг л энэ жишгээр "цахим үндэстэн" болж чадсан. Гэвч манайд эсрэгээрээ төрөөс иргэддээ хөгжүүлэлт нь дулимаг, хамгаалалт нь бүрхэг технологио ямар ч сонголтгүйгээр хүчээр тулгаж буй.
Тухайлбал, нийслэлээс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” картыг бүрэн зогсоож, түлш худалдан авахад зөвхөн “Хотула” аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглахыг мэдэгдсэн. Энэхүү шийдвэр нь ахмад настнууд, цахим технологи ашиглахад хүндрэлтэй иргэдэд бодит төвөг учруулж буй. Үүнээс гадна шилэн мэдээллийн аюулгүй байдалд ирээдүйд учрах эрсдэлийг нэмэгдүүлж, сонголттой, аюулгүй цахим үйлчилгээ бий болгох гол зорилгод нийцэхгүй байгаа билээ.