
Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар байрлуулав.
“Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү бүтээлээрээ Монгол, Тайланд улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлжээ.
Бенчакитти нь долоо хоногт 13 000-15 000 орчим хүн очиж амарч, спортоор хичэллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрладаг томоохон паркын нэг юм.
“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг баримал бүтээсэн А.Очирболдын “Ухамсар” бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан билээ.