
Сенегалын Дакар хотод зохион байгуулагдах залуучуудын зуны олимпын наадмын галт бамбарыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өчигдөр Грекийн Афин хотод боллоо. Олимпын галт бамбарыг наадмыг зохион байгуулах хорооны баг хүлээн авсан юм. Энэхүү ёслолын арга хэмжээнд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри оролцжээ. Тэрээр “Энэ олимпын наадам бол Африк тивийн хувьд түүхэн ач холбогдолтой болж байна. Тус наадам Африкийн олон залуусыг спортод татан оролцоход урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Африк тивд анх удаа олимпын наадам зохион байгуулагдах юм. Тодруулбал, “Дакар-2026” залуучуудын зуны олимпын IV наадам аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны хооронд болж, 2700 орчим тамирчин 25 спортын төрөлд өрсөлдөнө. Энэ наадамд Монгол Улсаас 10 орчим тамирчин оролцохоор болсон юм.