
Японы бяцхан боомтод химийн үйлдвэрээс гарсан хаягдал далайн буланг бохирдуулж загас, шувуудаар тогтохгүй хүнийг үе удмаар нь хордуулсан гашуун түүхийг бид мэднэ. Минаматагийн өвчин хэмээн түүхэнд тод хараар тэмдэглэгдсэн мөнгөн усны хордлого зөвхөн нэг хотын эмгэнэл бус харин хөгжлийн төлөөсөнд гараг ертөнцийн амьдрал бүхэлдээ сүйдэж болохыг харуулсан билээ.
Харамсалтай нь, хүмүүс өөрсдийнхөө олж нээсэн, хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд бүтээж арвижуулсан элдэв бодистоо хордсон хэвээр. Минаматагийн гамшгаас 60 жилийн хойно Аргентины үржил шимт хөрснөөс өөр төрлийн хор чимээгүй тархаж эхэлснийг анхандаа эрх баригчид төдий л тоосонгүй. Минаматагийн үнэн түүхийг фото сэтгүүлч Южин Смит дэлхий дахинаа илчилсэн лугаа адил Аргентины таримал ургамлын хордлогын цаадах учгийг ч сэтгүүлчид олж хөвөрдсөн түүхээс сонирхуулъя.


Азиас гаралтай шар буурцаг Америкаар дамжин Аргентинд нутагшиж XX зууны эхнээс шимээ өгч эхэлжээ. Өнгөрсөн зууны дунд үест 1000 хүрэхгүй га талбайд тариалалт хийдэг байсан бол 1980-аад оноос хоёр сая га-д найгах шар буурцгийн тариалан Аргентины экспортын сагсанд багтав. Ялангуяа хувиргасан амьд организм буюу гений өөрчлөлттэй үрийн тариалалтыг төрөөс бодлогоор дэмжсэнээр 2008 онд шар буурцгийн талбай 22 сая га-гаас давж, нийт тариалангийн талбайн 60 хувьд хүрч, олон мужид цорын ганц ургац болжээ. Өдгөө тус улсын дэлхийн шар буурцаг үйлдвэрлэлийн 21 хувийг дангаараа хангаж буй. Шар буурцгаас гадна Америк тивийн уугуул ургамал эрдэнэшишийн тариалалт боловсруулалтаар Аргентин дэлхийд гуравт бичигдэнэ. Гэвч энэхүү арвин ургацын цаана генийн өөрчлөлттэй тариаланг хогийн ургамал, хортон шавжаас сэргийлэх агрохимийн хэрэглээ үлэмж нэмэгдэж гучин жилийн дотор 580 сая литр пестицид тариалангийн талбайд ашиглажээ. Үүний уршигаар 13.4 сая хүн химийн бодисын нөлөөнд өртсөн гэж тооцоолж буй.
Эрдэнэшиш, шар буурцгийн тариаланд бүслэгдсэн зарим тосгон сууринд хүүхдийн хорт хавдрын тохиолдол гурав дахин нэмэгдэж ургийн гажиг, үр зулбалт 400 хувь болж огцом өссөн аж.
Гэрэл зурагчин Пабло Пиовано 2014 онд анх пестицид, глифосат зэрэг ургамал хамгааллын бодис хүний бие организмд нөлөөлдөг талаар сонсжээ. Үнэн мөнийг гэрэл зургаар магадлахаар Аргентинд очоод анх зочилсон айл нь агротоксин хэрэглээг идэвхтэй эсэргүүцэгч, хүнд өвчтөн Фабиан Томасигийнх байв.
Тариалангийн талбай дээгүүр нисэн ургац хамгаалах гербицид цацах бага оврын онгоц жолоодож явахдаа Томаси агрохимийн хор нөлөөний талаар ямар ч ойлголтгүй байжээ. Бодисоо онгоцонд ачих, шүршилтэд бэлтгэхэд нь хамгаалах бээлий, тусгай өмсгөл ч хомс. Анхандаа ямар ч гаж нөлөө мэдрэгдсэнгүй. Гэвч хэдхэн жилийн дотор булчин нь хатингаршиж, алхаж ч чадахаа больсон түүнд эмч нарын тавьсан онош бол хорт бодисын архаг хордлого. Яс арьс болтлоо турж, хөдөлж чадахаа больсон ч Томаси 2018 онд насан эцэслэх хүртлээ агрохимийн бодисын аюулын талаар дэлхий нийтэд сэрэмжлүүлсээр байсан билээ.
Фабиан Томасигийн гэрт дөрөв хоногийг өнгөрөөн далд аюулын талаар тодорхой ойлголттой болсон гэрэл зурагчин Пабло Пиовано цааш Чако, Энтре Риос, Мизионес мужуудаар аялан хордлогын нөлөөгөөр зовж шаналж буй олон гэр бүлийн түүхийг зургаар баримтжуулсанаа “Агротоксины өртөг” нэрээр ном болгон хэвлүүлсэн юм.


Хордлогод өртсөн айл бүр өөрсдийн түүхийг хүүрнэх, гэрэл зураг авхуулах бүрэн хүсэл эрмэлзэлтэй байсан тухай Пабло Пиовано өгүүлсэн юм. Гэвч алхаж, гүйж чаддаггүй хөдөлгөөний бэрхшээлтэй, эрхтэн тогтолцооны дутуу бойжилт, нурууны ивэрхийн улмаас өвчиндөө орь дуу тавих хүүхдүүдийн дүр зураг нүд халтирам. Ялангуяа тариалангийн талбайн ойролцоох байшинд ёс юм шиг нэгээс хоёр тийм хүүхэд байх аж. Эмэгтэйчүүд жирэмсний эхний гурван долоо хоногт ямар нэгэн хүчтэй химийн бодистой харьцвал ургийн гажиг үүсэх эрсдэл долоо дахин нэмэгддэг гэж үздэг. Гэтэл гербицидийн нөлөө удаан хугацааны дараа илэрдэг. Өнөөдөр шүршсэн бодис маргааш бус хэдэн сар жилийн дараа өвчин болж ирнэ.
Яваандаа тэд тариалангийн талбайгаар хүчиллэг борооны утаа суунаглахад хотын эмнэлгийн хүлээлгийн өрөөнд ордог гэдгийг ойлгож эхэлжээ. Дархлаа сул балчир хүүхдүүдийн арьс туурч эсвэл амьсгалын замын асуудал үүснэ. Томасигийн сүүлчийн гэрээслэлдээ хэлсэнчлэн шүршсэн бодисын ердөө 20 хувь нь хүнсний ногоонд үлдэж, үлдсэн хэсэг нь амьсгалж буй агаарт үлддэг гэдгийг хөдөө аж ахуйн том компаниуд иргэдээс тас нуусан хэрэг. Хорт хавдар, ургийн гажиг бусад өвчний мянга мянган тохиолдол бүртгэгдсээр авч Засгийн газар хийгээд эдгээр компани бодит үр дүнг үл тоомсорлон үгүйсгэсэн хэвээр.
Тиймээс агробизнесийн урвуу хамаарлыг эсэргүүцэх хөдөөгийн иргэдээ дэмжин Аргентины өрхийн эмч нар Medicos de Pueblos Fumigados буюу Утаат хотын эмч нарын нэгдлийг үүсгэн байгуулсан юм. Тэд одоогийн хөдөө аж ахуйн загвар хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг баримтжуулан, эхний ээлжид гербицид хордлогын үед яаралтай эмнэлгийн тусламж авах удирдамж боловсруулснаа Засгийн газраар батлуулахаар хөөцөлдөж буй аж. Эмч нарын жишгээр ээжүүдийн бүлэг нэгдэн тэмцсэнээр зарим тосгонд сургууль, орон сууцны ойролцоо шүршилт хийхийг хориглох шүүхийн шийдвэр гаргуулж чаджээ.

Хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэгчид Roundup Ready сортын шар буурцаг хогийн ургамалд тэсвэртэй тул бодис шүршилтийн давтамж буурсан гэж мэтгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ генийн өөрчлөлттэй үр хөврөл хөрсөнд хурдан дасан зохицдогийн адил гербицидэд тэсвэртэй супер хогийн ургамлын тархац ч нэмэгдсэн. Тэдгээрийг устгахын тулд тариалагчид 2.4-D болон паракуат зэрэг бусад бодисыг хольж эхэлсэн нь эрүүл мэндэд илүү ноцтой эрсдэл учруулж мэдэхээр байгаа юм. Генийн өөрчлөлттэй ургац агрохимийн хэрэглээг бууруулдаг гэх тайлбар ядмаг болохыг дээрх жишээ хангалттай харуулж буй. Эсрэгээрээ хамгаалах бодисгүйгээр бүр илүү ч ургац хураах боломжтойг Санта Фе хотын туршлага нотолно. Санта Фегийн тариаланчид талбайгаа пестицидээс бүрэн чөлөөлсөнөөр өмнөх жилүүдийн хэмжээнд дүйж очих шар буурцгийн ургац өнгөрсөн жил хураагаад байна.


Аргентинд жилд 500 000 литр агрохимийн бодис хэрэглэж буйг хүн амд нь хуваавал нэг хүнд найман литрээс илүү ногдож байна.
Агрохимийн бодисын хор нөлөөний талаар шинжлэх ухааны маргаан үргэлжилсээр. Зарим судалгаа глифосатыг харьцангуй аюулгүй гэж үздэг бол бусад нь хавдар үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэсэн. Гэвч бодит амьдрал дээр статистик, лабораторийн туршилтаас илүү хүчтэй нотолгоо бол хүний түүх юм. Тосгоны оршуулгын газар тэлж байгааг тайлбарлахад судалгааны өгүүлэл шаардлагагүй биз ээ.