
“Айчи–Нагоя 2026” Азийн зуны спортын XX наадам эхлэхэд 17 хоног үлдлээ. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл энэ наадмын допингийн хяналтын багт багтжээ.
МОНАДА-гийн төлөөлөл олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран допингийн сорьц цуглуулах болон допингийн хяналтын үйл ажиллагааг Дэлхийн допингийн эсрэг код, холбогдох олон улсын стандарт болон зохион байгуулагч байгууллагын журмын дагуу ажиллахаар болсон байна. Энэхүү томилгоо нь олон улсын томоохон уралдаан тэмцээний үеэр зохион байгуулагдах допингийн хяналтын үйл ажиллагаанаас туршлага хуримтлуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, улмаар олон улсын сайн туршлагыг Монгол Улсын допингийн эсрэг үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг МОНАДА-гаас онцоллоо.
Ташрамд дуулгахад, “Ханжоу-2022” Азийн зуны спортын XIX наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдаас бокс болон хүндийн өргөлтийн нэг нэг тамирчнаас допингийн зөрчил илэрч байсан юм. Өмнө нь 2018 оны Азийн наадмаас чөлөөт бөхийн нэг тамирчин хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож алтан медалиа хураалгаж байв.