
Нуруу биеийн гол тулгуур эрхтэн төдийгүй хөдөлмөрлөх чадварт нөлөөлдгөөрөө хүний амьдралын ч тулгуур болдог. Үүгээрээ нурууны эрүүл мэнд анхаарахгүй, орхигдуулж болохгүй нэн чухал асуудлын нэг.
Гэвч Монголд гурван хүн тутмын нэг нь нурууны ямар нэгэн өвчлөлтэй гэсэн таамаг төдий тоо баримтаас өөр үндэсний хэмжээний тархвар зүйн судалгаа, мэдээлэл алга. Тэгвэл сүүлийн жилүүдэд нурууны өвчлөл нэмэгдэж, залуужиж, хүүхэд багачууд ч өвдөж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулсаар байна. Нэгэн судалгаа дурдахад, АШУҮИС, Монгол анагаах ухааны төв эмнэлэг зэрэг байгууллага хамтран 2024 онд бүтэн нурууны рентген зураг авахуулсан 66 хүнийг шинжилжээ. Тэдний 30 хувь нь сээр нуруу чилдэг, 4.5 хувь нь сээр нуруу өвддөг, 27.2 хувь нь бүсэлхий нуруу өвддөг зовуурьтай байна. Судалгаанд оролцогчдын хүзүү, цээж, бүсэлхийнд I-II зэргийн мурийлт илэрсэн нь нурууны өвчлөл тэр дундаа мурийлт өндөр байгааг илтгэж байгаа юм.
Нурууны өвчлөл ахмад настны асуудал байхаа хэдийнэ больжээ. 18-30 насны залуус ч нурууны үе хоорондын дискний ивэрхий, сээр нурууны муруйлт, булчин хэт ачааллын хам шинж зэрэг оноштойгоор эмнэлгийн үүд тогшиж байна. Залуус хүүхэд байхаасаа л хөдөлгөөний дутагдалтай, гар утас, компьютер удаан хугацаанд тоглодог, стандартын бус ширээ сандал ашигладаг, хүнд цүнх үүрдэг зэргээс шалтгаалан нурууны өвчний суурийг бэлтгэж байна.
Тухайлбал, багана нурууны байршлын эмгэг болох хажуугийн мурийлт нь сургуулийн насны хүүхдүүд болон өсвөр насныханд хамгийн түгээмэл ажиглагддаг болжээ. Нурууны төрөлжсөн “Алтанмед” эмнэлгийнхэн сургуулийн сурагчдын нуруунд бодит үзлэг, хэмжилт хийж, судалсан байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 2-9 ангийн 219 сурагчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, биеийн жин, өндөр, мөр,ташаа бүсэлхийн тэгш байдал, хавирганы овгор зөрүүтэй эсэхийг тодруулжээ.
Үүгээр хүүхдүүдийн 66.2 хувь нь мөр нэг шугамд бус зүүн тал руу хазайсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн толгой аарцгийн түвшнээс доош тонгойх чадвар муу хүүхдүүдийн 66.7 хувь нь зүүн тал руу мурийсан гэжээ. Ангийн бүлгээр харьцуулахад, 4-6 ангийн сурагчдын 93.5 хувь, насны бүлгээр авч үзвэл, 13-аас дээш насныхны 66.7 хувь, 10-12 насныхны 91.7 хувьд зүүн тал руу хазайсан байна. Судалгааны дүгнэлтэд “Хүүхдүүдийн сээрний хэсгийн мурийлт нь нас, жин, өндөр ангийн бүлгээс хамаарч мэдэгдэхүйц ялгаатай бөгөөд нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байна. Мөн сээрний хэсгийн мурийлтын чиглэл нь ташаа, мөрний тэгш бус байдал болон хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой байж болзошгүйг харуулж байна” гэжээ.
Энэ нь сургуулийн хүүхдүүдийн нуруу зүүн тал руугаа түлхүү хазайж байгаа нь буруу байрлалаар удаан хугацаанд суусантай холбоотой байж болохыг уг судалгаагаар харуулж байгаа юм. Тиймээс хүүхдүүдэд багаас нь зөв суух, удаан хугацаагаар суухгүй байхыг сургалтын хөтөлбөрт тусгаж, стандартын ширээ сандлаар хангах, цүнхний жинг хөнгөлөх, гар утас, дэлгэцийн хамаарлаас салгах нь нурууны өвчлөлөөс сэргийлэх чухал алхам болно.
Нурууны өвчин ялангуяа доод нуруу, диск цүлхийх, мэдрэл дарагдах, нугасны суваг нарийсахад эмчилгээ хийхгүй удвал аюултай үр дагавар үүсдэг. Тухайлбал, мэдрэлийн даралт нэмэгдэж, саажилт үүсэх, диск гэмтэж урагдах, нуруу мурийх, бүтцэд өөрчлөлт орох, нугаламд яс ургадаг байна. Үүгээр зогсохгүй дотор эрхтэн буюу гэдэс, ходоодны үйл ажиллагаа алдагдах, шээс, давсгийн асуудал, бэлгийн үйл ажиллагаанд алдагдал үүсэх зэрэг сөрөг үр дагавартай.
Түүнчлэн эрүүл мэндэд төдийгүй амьдралын чанарт нөлөөлж байгаа. Тухайлбал, 2022 онд хийсэн Монгол Улсын өвчлөлийн ачаалал дарамтын судалгаагаар л гэхэд нурууны өвдөлт нь хөдөлмөрийн чадвараа алдах гол шалтгаануудын нэгт багтжээ. Энэ нь 20-оос дээш насныхан тэр дундаа суугаа болон босоо ажил эрхэлдэг, хотын төвд амьдардаг иргэдэд түлхүү нөлөөлсөн байна.
Нуруу өвдөхөд хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэв маяг, хүнд зүйл өргөх, буруу суух, тамхины хэрэглээ, жингийн илүүдэл, чийгтэй орчин, нуруу хэсгээр салхи авах гэх мэт олон шалтгаан нөлөөлдөг. Мөн орчин үед ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан нуруу өвдөх, нурууны төрөл бүрийн эмгэгүүд ихсэж байгаа. Тэр дундаа суугаа ажил хийдэг оффисынхон, байнга зогсоогоор ажиллах үйлдвэрийнхэн ажлынхаа ихэнх хугацааг хүнд ачаа өргөх буулгах, тээвэрлэдэг ачигч нарт нурууны өвчин эмгэг элбэг тохиолдох болжээ. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд буруу суух, тохиромжгүй ширээ, сандал ашиглах, хүнд зүйл өргөх, удаан хугацаанд жолоо барих зэрэг нь хөдөлгөөний дутагдалтай хоршиж, нуруу гэмтээх үндсэн шалтгааны нэг болсон байна. Тиймээс ажил олгогчид ажлын байрны стандарт нэвтрүүлж, эрүүл мэндийн бодлоготой болох нь чухал юм.
Хүмүүсийн ихэнх нь нуруу өвдөхөд шууд л бариулах, өвчин намдаах тос, наалт хэрэглэж хэсэгхэн намдаадаг. Гэвч нурууны аль хэсэг асуудалтай болсон, онош нь ямар байгааг мэдэхгүйгээр өвдөлт намдаах арга хэрэглэх нь өвчнөө хүндрүүлж, мэс засалд хүргэдэг тохиолдол олон бий. Үнэхээр ч эмнэлэгт хандсан хүмүүсийн ихэнх нь өвчин хүндэрсэн, мэдрэлийн дарагдал үүссэн эсвэл диск цүлхийж хөдөлгөөн хязгаарлагдсан байдгийг эмч нар анхааруулж буй.
“Алтанмед эмнэлгийн ерөнхий эмч Н.Алтанхундага
Нурууны өвчин өвдөхгүй байлаа ч огтхон анхаарлаа сулруулж болохгүй, өвдөхгүй байхдаа ч голдуу хүндэрч л байдаг, бүрэн эдгэдэггүй хэцүү өвчин. Нуруу нь өвдөж ирсэн хүмүүсийн ихэнх нь “Өмнө нь нуруу өвддөг ч ингэж их өвдөж байгаагүй. Саяхнаас л хүчтэй өвдөж, намдахгүй байна” гэдэг. Тиймээс өвдөлтөө мэдрэхгүй байхын төлөө эмчлүүлэх бус харин өвчний шалтгаанаа арилгахын төлөө эмчилгээ хийлгэх нь өвчнөө хүндрүүлэхгүй байх гол зарчим шүү.
Нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө маш энгийн. Хөдөлгөөн л нурууг эрүүл байлгаж, амьдралын тулгуур баганыг бат бэх болоход дэмтэй. Тухайлбал, өдөрт 30-40 минут алхах ажиллах орчноо тохируулах, босож суудаг ширээ ашиглах, нуруугаа тэгш суух, булчин суллах энгийн дасгал хийх, өвдөлт эхэлмэгц мэргэжлийн эмчид хандах зэрэг нь нурууны олон өвчнөөс хамгаална. Гэхдээ дасгал хөдөлгөөнийг зөв тохируулан хийх нь чухал гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч А.Энхжаргал
Нуруу бол хүний биеийн тулгуур эрхтэн учраас бидний өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэв маягаас үүдэн өвдөх нь элбэг байдаг. Нурууны жийргэвч буюу дискний өөрчлөлт нь нурууны өвчлөлөөс хамгийн их хувийг эзэлдэг. Шим солилцооны өөрчлөлтийн улмаас диск цүлхийж мэдрэл дарах эрсдэлтэй. Насанд хүрсэн хүний диск цусан хангамж, мэдрэхүй байдаггүй. Тиймээс өөрчлөлт орох явцдаа мэдэгддэггүй гэсэн үг. Тиймээс урьдчилан сэргийлж үзүүлэх нь их чухал. Мөн диск өөрөө хөдөлгөөний явцад яснаас шар ус авч, бодисын солилцоо явуулдаг. Тиймээс удаан суухгүйгээр дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Гэхдээ дасгал хөдөлгөөн нь хэдий эмчилгээ боловч хэтрүүлэх, буруу заавраар хийх нь нурууг гэмтээх шалтгаан болдог.
Нурууны өвчлөлөөс сэргийлэхийн тулд үндэсний тархвар зүйн судалгаа хийж, бүх насныханд чиглэсэн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, өвдөхөд нь өнгөцхөн эдгээгээд орхих өвчин биш гэдгийг нийтэд ойлгуулах нь чухал байна.