
ОХУ-ын хяналтад байдаг Крымд өнгөрсөн долоо хоногт цэргийн тээврийн онгоц осолдож, 30 хүн амь үрэгдсэн. Амь үрэгдэгсдийн дунд Оросын агаарын хүчний өндөр албан тушаалтан багтсан талаар Оросын хэвлэлүүд ахлах албан тушаалтнаас иш татан мэдээлжээ.
Хойд флотын Агаарын цэрэг ба Агаарын довтолгооноос хамгаалах 45 дугаар армийн командлагч Александр Отрощенко уг ослоор амь үрэгдсэн гэж түүний алба хаадаг Мурманск мужийн захирагч Андрей Чибис мэдээлсэн байна.
Antonov An-26 онгоц Крымийн хойг дээгүүр төлөвлөгөөт нислэг үйлдэж байх үедээ, мягмар гаргийн оройн, орон нутгийн цагаар 18:00 цагийн орчимд холбоо тасарсан талаар цэргийн албаныхан мэдэгджээ. Орос улс энэ бүс нутгийг 2014 онд эзлэсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргийн командлагчийг нас барсан талаар баталсныхаа дараа ослын урьдчилсан шалтгаан нь техникийн гэмтэл байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Ослын газарт байсан эх сурвалжууд төрийн мэдээллийн ТАСС болон РИА Новости агентлагуудад өгсөн мэдээлэлдээ онгоц хадан цохио мөргөн унасан гэжээ.
Мөрдөн шалгах хороо нислэгийн дүрэм зөрчсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд Крымийн уулархаг, ойт бүсэд эрэн хайх ажиллагаа явуулж байгааг өмнө нь мэдэгдсэн байна. “Онгоцны сүйрэлд гаднын нөлөө байгаагүй” гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн нь пуужин, дрон, шувуу зэрэг зүйлс оролцоогүйг илтгэж байна. “Ослын урьдчилсан шалтгаан нь техникийн гэмтэл. Цэргийн комисс газар дээр нь ажиллаж байна” гэж тус мэдэгдэлд дурджээ.
1960-аад оны сүүлээс ашиглагдаж эхэлсэн Antonov An-26 загварын онгоц нь ачаа тээвэрлэлтийн зориулалтаар иргэний нисэхэд ч ашиглагддаг бөгөөд сүүлийн арван жилд олон тооны ноцтой осолд холбогдсон байна.
Тодруулбал, 2022 онд Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье мужид ижил загварын онгоц осолдож нэг хүн амь үрэгдсэн хэрэг багтана. Мөн 2020 онд Украины зүүн хойд хэсэгт сургалтын нислэгийн үеэр ийм төрлийн онгоц осолдож, зорчигч 27 хүнээс ганц нь амьд үлдсэн байна.
2020 онд Өмнөд Суданд ийм онгоц осолдож найман хүн, тэдний дунд таван орос иргэн амь үрэгджээ. 2017 онд Баруун Африкийн Зааны ясан эрэгт буух үеэрээ осолдож, онгоцонд байсан 10 хүнээс дөрөв нь нас барсан байна.