
Дэлхийн өнцөг булан бүрт Төв банк, Сангийн яамдын эдийн засгийг тогтворжуулахад ашиглаж буй суурь загваруудыг боловсруулсан АНУ-ын эрдэмтэн Роберт Холл, Майкл Вудфорд нар 2026 оны эдийн засгийн Нобелийн шагнал хүртлээ.
"Тэдний тусламжтайгаар бид эрчим хүчний хямрал эсвэл өрхийн хэрэглээний гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн цочролыг даван туулахад илүү сайн бэлтгэгдсэн" гэж Эдийн засгийн шинжлэх ухааны шагналын хорооны дарга Жон Хасслер мэдэгдэлдээ дурджээ.
Шагнал хүртэгчдийн гол санаануудын нэг нь эдийн засгийг зөвхөн дээрээс удирддаг онолоор бус, харин өрх болон бизнесүүдийн микро түвшинд гаргаж буй шийдвэрийг харгалзан үзэж байж тогтвортой барих боломжтой гэдгийг харуулсанд оршино. Холл, Вүүдфорд нарын судалгаанд тулгуурлан хөгжүүлсэн шинэ Кейнсийн загварууд нь мөнгөний бодлого эдийн засгийн мөчлөг, инфляцад хэрхэн нөлөөлөхийг тайлбарлаж, тоон утгаар үнэлэх боломжийг олгосон. Эдгээр загварыг өнөөдөр дэлхийн олон орны төв банк, сангийн яам бодлогын шийдвэр гаргахдаа ашиглаж байна.
Колумбийн их сургуулийн профессор Майкл Вудфорд 1970-аад оны газрын тосны хямралаас ялгаатай нь энэхүү шинэ загвар 2000-аад оны сүүл үеийн дэлхийн санхүүгийн хямралын үед мөнгөний бодлогын уламжлалт хэрэгслүүдийг дэмжихэд үр дүнтэй байсныг онцолжээ.
Стэнфордын их сургуулийн профессор Роберт Холл болон Майкл Вудфордын судалгаа нь өнөө үед түгээмэл хэрэглэгдэж буй үнийн өөрчлөлт эрэлтийн өөрчлөлтөөс хоцрох үзэгдэл (sticky inflation), эдийн засагт эрэлтийн дарамт нэмэгдэж, нөөцийг хэр үр ашигтай ашиглаж байгааг хэмждэг "гарцын зөрүү" (output gap) зэрэг чухал ойлголтуудын үндэс болсон юм. Эдийн засгийг тогтворжуулна гэдэг нь өсөлт, уналтыг бүрмөсөн зогсоох биш. Харин тэдгээрийн савлагааг зөөлрүүлж, эдийн засагт учрах хохирлыг багасгах явдал юм.
Шведийн Төв банкнаас олгодог Альфред Нобелийн дурсгалын Эдийн засгийн ухааны шагналыг 12 сая швед крон буюу 1.2 сая ам.доллар дагалдана.