
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улс, ОХУ-ын засгийн газар хооронд байгуулах Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ соёрхон батлах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны есдүгээр сард манай улсад айлчлахад хоёр чухал гэрээг манай хоёр улсын Засгийн газар байгуулсан. Хоёр дахь гэрээ нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах гэрээ. Энэ хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байж хоёулаа зэрэг хэрэгжинэ гэсэн нөхцөлтэй. Үүнийг УИХ-аар соёрхон батлуулсанаар ОХУ-аас Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрх зүйн баримт бичиг анх удаа бий болох юм.
Мөн Засгийн газраас Газрны тос боловсруулах үйлдвэртэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гэрээнд тусгагдсан зарим ажлуудыг тус компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулж хурдасгах боломж нөхцөлөөр хангах, уян хатан ажиллах боломжийг нээсэн тогтоол баталлаа.
Хоёрдугаарт, УИХ-ын 20 гаруй гишүүн өргөн барьсан зээлийн санхүүжилтийг улсын төсвийн орлого, зарлагад бүртгэхгүй тусад нь авч явах агуулгатай хуулийн төсөл унасан. Эдийн засгийн үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдалтай холбоотой төслүүдийг гаргаж хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлж жилд гүйцэттгэх ажлын тоо хэмжээг эрс нэмэгдүүлэх хуулийн төсөл байсан юм. Тиймээс Засгийн газраас Сэлбэ дэд төвийг хасаад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр хоёрыг оролцуулсан Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг дахин өргөн барихаар боллоо. Нэн яаралтай горимоор энэ асуудал шийдэгдээд явбал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулагдах зээлийн хэрэглээ өсөж бүтээн байгуулалтын ажил эрчимжинэ" гэв.