
Монголын спортын салбарт олон шилдгүүдийг төрүүлсэн “Хилчин” хороогоор овоглосон тамирчин, дасгалжуулагч, спорт сонирхогчдын баярын өдөр тохиож байна. Бөхийн өргөөнд өнөөдөр “Хилчин” спортын хорооны 80 жилийн ойн барилдаан болно. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Э.Даш, Г.Бадрах, М.Бэлгүтэй, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Ш.Шинэбаяр, Б.Батжаргал тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд “Хилчин” спорт хорооны бөхчүүдээс улсын гарди, улсын заан, улсын начингууд шинээр төрсөн. Монгол Улсын гарьд цолонд М.Лхагвагэрэл хүрч цолоо ахиулсан бол аймгийн начин цолноос улсын зааны эгнээнд Б.Сундуйжав багтсан юм. Мөн Г.Төрмөнх, Э.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Гончигсүрэн нарын хүчтэнүүд улсын начин цол хүртэж, наадамчин олноо баясгасан.
Энэ жил түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж буй “Хилчин” спорт хорооноос дархан аварга хоёр, даян аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан дөрөв, улсын гарьд дөрөв, улсын заан 13, улсын харцага 9, улсын начин 58 төржээ. Мөн Монгол Улсын даян мэргэн нэг, онч харваач нэг, шагайн харвааны Монгол улсын үлэмж дархан нэг төрөн гарчээ. Мөн олимпын наадмын таван медальтан, дэлхийн аварга 14, Азийн наадмын аварга 5, Ази тивийн аварга бөхчүүд 15 төрсөн байна.
