
Өмнөд Солонгосын зохиолч, орчуулагч Ха Юн Жүний “Besieged” буюу “Бүслэгдсэн нь” эсээ "The Best American Essays 2026" хэмээх нэртэй нэр хүндтэй эмхэтгэлд багтахаар болжээ. Тус эсээ нь 2025 оны арваннэгдүгээр сард "World Literature Today" сэтгүүлийн дугаарт анх нийтлэгдсэн байна.
2026 оны Америкийн шилдэг эсээнүүдийг нэгтгэсэн тус эмхэтгэлийг зохиолч, сэтгүүлч Маша Гессен редакторлож байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 20-нд уншигчдад хүрэх юм. Ийнхүү Ха юн Жүний эсээ уг тус номд багтсан Өмнөд Солонгос болон Азийн зохиолчдийн бичлэгийн ур чадвар, сэтгэлгээг өндрөөр үнэлсэн явдал болж байна.
“Бүслэгдсэн нь” эсээнд зохиолч 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль онц байдал буюу цэргийн дэглэм тогтоох тухай зарласны дараа өөрийн өсвөр нас, цэргийн дарангуйллын үеийн дурсамж руу эргэн очдог. Тэрээр тухайн үед ардчилал бэхжиж, сонгуулиар төрийн эрх баригчдаа сонгодог болсон, Кванжугийн хядлагын буруутнууд ял шийтгэл хүлээж, ардчиллын төлөө тэмцэгчид, баатрууд, амь үрэгдэгсдийг хүндэтгэн дурсдаг болсон хэдий ч цэргийн онц байдал зарласан нь өнгөрсөн хар бараан өдрүүд гэнэт буцаж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлснийг өгүүлжээ.
Улс төрийн бүх үйл ажиллагааг хориглож, хэвлэл мэдээлэлд цензур тогтоон, зарлиг зөрчсөн хүмүүсийг баривчлах тухай төрийн тэргүүний мэдэгдлийг сонссон мөчид тэрээр цэргийн дэглэмийн үеийн айдас, гэр бүлийнх нь туулсан хохирол, цөхрөл рүү буцаж очно. Ийнхүү нэгэн улсын улс төрийн түүхийг томоохон үйл явдлын жагсаалт бус, түүхийн шархыг биеэрээ мэдэрсэн хүний дотоод ертөнцөөр дамжуулан өгүүлсэн нь эсээний гол онцлог болжээ.