
Утга зохиолын түүхэнд хамгийн хоржоонтой бөгөөд тоглоомтой, нэн чөлөөтэй бичигдсэн бүтээлийн нэгэнд Аргентины зохиолч Хүлио Кортасарын “Чартаа” (rayuela) роман гарцаагүй багтана.
Тус роман дуун хөрвүүлэгч Л.Алтангэрэлийн орчуулгаар уншигчдад хүрээд удаагүй буй. Марсель Прүстийн “Алдуул цагийн эрэлд” хэмээх долоон боть их хөлгөн туульсыг монгол хэлнээ амилуулсан орчуулагч ийнхүү ухамсрын урсгалын өөр нэгэн оргил руу биднийг хөтөллөө.
Эргэлзээ тээсэн, магадгүй цөхрөл шингэсэн асуултаар романы үйл явдал эхэлдэг. Угтаа энэ бол бороотой Парис хотын гудамжаар нэгэн бүсгүйг хайсан бие махбодын эрэл төдий бус, харин оршихуйн төв цэг, өөрийн сүнсээ хайсан Орасио Оливэйра хэмээх эрийн урт удаан, ээдрээтэй, сэтгэл зүйн ээдрээт аяллын эхлэл юм. Өмнө тань нээгдэж буй энэ ертөнц зүгээр нэг цаасан дээрх түүх бус, биднийг хөндлөнгийн ажиглагч, уншигч төдий байлгахыг хүсдэггүй, харин зохиолчийн зурсан “чартаа” дээгүүр хамтдаа үсрэхийг, магадгүй хамтдаа бүдэрч, өвдөгөө шалбалахыг санал болгодог этгээд, амьд бүтээл билээ.
“Чартаа” бол энгийн нэг шугаман бүтэцтэй бичвэр биш. Адармаатай, орчуулагдашгүй гэгддэгийн учир нь энэ. Роман гурван бүлэгтэйгээс гадна уншиж болох хоёр өөр хувилбарыг зохиолч өөрөө бидэнд санал болгодог. Латин Америкийн бас нэгэн алдарт зохиолч Марио Варгас Льоса Кортасарын тухай “Тэрээр ердийн тоглоомыг хамгийн дээд зэргийн метафизик эрэлхийлэлд хувиргаж чаджээ” гэсэн нь тун ончтой тодорхойлолт. Кортасар энэ номоороо уламжлалт романы “эхлэл-өрнөлтөгсгөл” гэсэн баригдмал бүтцийг зоригтойгоор эвдэж, “Уншигч-хамтран зохиогч” буюу эсрэг роман (Anti-novel)- ыг тунхагласан юм.
Тэрээр уншигчийг идэвхгүй “хүлээн авагч” байлгахаас татгалзаж, хамтран бүтээгч, “хамсаатан” болохыг уриалсан билээ. Уншигч өөрөө бүлгүүдийг сонгож, зохиолчийн бэлтгэсэн нарийн төвөгтэй хүснэгтийн дагуу нэг бүлгээс нөгөө рүү үсэрч уншсанаар зохиолын үйл явдалд биеэр оролцож, Оливэйрагийн хувь заяаг өөрийнхөөрөө эвлүүлэн бүтээдэг нь унших үйл явцыг нэн сонирхолтой болгодог.
Зохиолын эхлэл хэсэгт бид 1950-иад оны Парис хотын бүрхэг, бороотой, гэхдээ сэтгэл татам орчинд хөл тавина. Энд Оливэйра зорилгогүй хэрэн хэснэ. Тэр Магустай болзох цаг товлодоггүй. Кортасар тэдний энэ учралыг яг л ид шид, хувь тавилангийн шоглоом мэт дүрсэлнэ. Орасио Дэзар гүүрэн дээр ус ширтэн зогсож байхдаа, эсвэл гудамжны булан тойрох төдийд л Магус (Уг нэр нь Лүсиа, гэхдээ шидтэн гэсэн утга бүхий Магус нэрээр дуудагдана) тэнд үсээ салхинд хийсгэн, инээмсэглэн зогсож байх бөгөөд тэд уулзаад огтын санамсаргүй юуг ч юм үйлдэж, оролцож явсаар Парисын нэг хэсэг болж уусацгаана. Тэдний хамрах хамгийн зүй тогтоллог хамаарал хэрмэл сэхээтнүүдийн клуб. “Уулзах ёстой бол уулзана” гэх сонин итгэл үнэмшилтэйгээр Сена мөрний эрэг дээр гэнэт таардаг энэхүү болзоогүй учрал нь Оливэйрагийн хувьд яг л жааз хөгжим шиг, жааз хөгжмийн импровизаци мэт санагдавч түүний дотоод ертөнцөд энэ бүхэн нэг л “эмх замбараагүй”, тогтворгүй санагдана. Оливэйра Магуст дурласан ч энэ хайр нь өөрөө асар том зөрчил, сэтгэлийн гүнд өрнөх дайн юм.
Магус бол Матиссын зургаас гүн ухааны тайлбар хайдаг клубын бусад гишүүдээс ялгаатай. Тэр зүгээр л “Энэ ямар хөөрхөн юм бэ” гэж хэлээд л орхидог, амьдралыг байгаагаар нь, зөнгөөрөө мэдрэх жирийн эмэгтэй. Харин Оливэйра тэрхүү энгийн мэдрэмжийг нь заавал онолоор тайлбарлах гэж, үгэнд хайрцаглах гэж хичээнэ. Тэр Магусыг юм ойлгодоггүй, хэтэрхий гэнэн, боловсролгүй хэмээн дотроо голж, бүсгүйд хэлэлгүй ганцаараа Луврт очиж зураг үзэн, оюун санаагаа бүсгүйгээс дээгүүр тавих гэж, өөрийнхөө “их мэдэгч”-ийн байр суурийг хадгалах гэж цөхрөлтгүй оролдоно.

Ийм оюун санааны зөрчил дунд Кортасар бидэнд хэл, илэрхийллийн гайхалтай туршилт хийжээ. Романы 68-р бүлэгт Оливэйра, Магус хоёр энгийн үгээр илэрхийлж боломгүй нандин, хэт дотно мэдрэмжээ хуваалцахын тулд “Глиглиг” хэмээх зохиомол хэлийг бүтээцгээнэ. Хүний хэл яриа, хатуу логик гэдэг хайр сэтгэл, гүн гүнзгий учралыг илэрхийлэхэд хэтэрхий ядмаг зэмсэг гэдгийг зохиолч энд илт тодорхой үзүүлдэг. Тэдний зохиосон энэ хэл бол толь бичигт байдаггүй, зөвхөн амьсгал, зөн совин, биеийн хэмнэлээр илрэлцэх хайрын нууц код юм. Орасио хэчнээн оюун ухаандаа баригдсан нэгэн ч гэлээ, глиглиг хэлээр ярих агшиндаа л жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Энэ нь Оливэйрагийн шүтдэг “Логос” буюу үгоюун ухааны хатуу цайзын эсрэг Магус зөн билгээрээ л бүтээсэн мэдрэмжийн урсгалын ялалт.
Романы өөр нэг амин сүнс нь жааз хөгжим. Зохиолч өөрөө жазз хөгжмийн өндөр түвшний сонсогч учраас “Чартаа” роман зохиомж жааз хөгжмийн свинг хэмнэл дор лугшиж байдаг. Лусын клубт сонсогдох Чарли Паркер, Луи Армстронг, Бесси Смит нарын аялгуу бол зүгээр нэг дэвсгэр ая биш, харин далд романы бүтэц юм. Кортасар үгийг яг л жазз хөгжимчин нотыг мэдрэмжээрээ эвдэн тоглодог шиг эвдэнэ. Романы бүтэц эмх цэгцтэй симфони биш, харин гэнэтийн тэсрэлт, гуниглуун гоцлол, замбараагүй мэт боловч дотоод сэтгэлийн нарийн логиктой жазз импровизаци юм. Зохиолч уншигчийг нэг хэмнэлээс нөгөө рүү хөтөлж, тэр бүрдээ өөр мэдрэмж төрүүлэхийг зорьсон нь Оливэйрагийн амьдрал өөрөө дуусахгүй үргэлжлэх импровизацын нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Октавио Паз “Кортасарын баатрууд оюун санаандаа хоригдсон хүмүүс” хэмээсэн нь бий. Оливэйра үүний тод жишээ нь. Түүний тогтворгүй, эрэлхийлэгч атлаа зовлонт ахуйг илэрхийлэх үндсэн зэмсэг нь энэхүү жазз цохилготой хэл найруулга билээ.
Миний үзэхээр зохиолын магадгүй хамгийн хүнд хэсэг нь Магусын балчир хүү Рокамадур хүйтэн, харанхуй өрөөнд амьсгал хураах мөч. Үхэл хүүхдийг авч одох тэр мөчид давчуу өрөөнд бөөгнөрсөн “Лусын клуб”- ийн гишүүд пянз сонсож, матэ уунгаа метафизик маргаандаа живцгээж байдаг.
Оливэйра хүүхэд үхсэнийг мэдсэн атлаа (тэр хөнжлийн доогуур гараа шургуулж, хүүхэлдэй мэт хөшсөн бяцхан цогцсыг тэмтэрнэ) энэ агшны зарч болохоос жийрхэж, үл мэдэгч болон чалчсаар, эхэд нь дуулгалгүй цаг хожихыг хичээнэ. Энэ бол түүний оюун ухаан хэрхэн хүнлэг чанарыг нь залгиж, сэтгэлийг нь чулуужуулсны илрэл. Магус хүүгээ алдсанаа мэдээд уйлан хайлах үед л Оливэйрагийн гүн ухаанлаг гаргалганууд гуйван нурж эхэлнэ. Хүү үхсэнийг бүгд мэдэж, Магусийн ухаан орж гарч байхад Оливэйра өөр дээр нь тусах Магусын харцыг мэдсээр байж гарч явна. Клубийн өөр нэг эмэгтэй гишүүн болох Бэпс л ганцаараа Оливэйрагийн хүйтэн сэтгэлтэйг шүүмжилнэ. Бэпсийн энэхүү эсэргүүцэл, ёс суртахууны цохилт нь “Лусын клуб”-ийг тарахад хүргэнэ. Яг энд оюун ухааны шалгах хоосон маргаанаас илүү хүний амь нас, энэрэл хайр, өрөвдөх сэтгэл үнэ цэнэтэйг Кортасар цохолж өгчээ. Чухам энд л Оливэйра “Чартаа” тоглоомын хамгийн гол зүйл болох тэнцвэрээ, хүн байхын утга учраа бүрмөсөн алдаж буй нь харагддаг.
Чартаа тоглоомын дүрэм маш энгийн. Газар зурсан эхний эгнээний дөрвөлжингүүд бол газар, харин хамгийн дээр зурсан дөрвөлжин бол тэнгэр. Тоглож буй хүн хөл дээрээ догонцон үсэрсээр, хөлөө зураасанд хүрэлгүйгээр чулуугаа тэнгэрт хүргэх ёстой. Гэвч Орасио Оливэйра энэ тоглоомыг зөвхөн тархиараа, хүйтэн логикоор тоглох гэж оролджээ. Тэрээр оюун санааны хувьд тэнгэрт хүрэх гэж, туйлын үнэнийг олох гэж тэмүүлсэн ч, газар дээр тэнцвэрээ олох буюу хайрлах, энэрэх, бусадтай сэтгэлээрээ холбогдох чадварыг хайхарсангүй тул тэнцвэр алдан унана.
Утга зохиол судлаач Давид Виньяс Оливэйрагийн тухай “Тэр бол дэлхий ертөнцийг зөвхөн номын хуудас, метафизик онолоор дамжуулж харахыг хүссэн хүн. Түүний эмгэнэл нь амьдралыг амьд мэдрэмжээр биш, логикоор бүтээхийг оролдож, тэнцвэрээ алдсанд бий” гэж тэмдэглэсэн нь бий.
Зохиолын хоёрдугаар хэсэгт Оливэйра төрөлх Буэнос-Айрестээ, өмнөдийн халуун чийгтэй оронд эргэж ирнэ. Тэрээр энд өөрийн “ихэр” мэт найз Трэвэлер (Traveler - аялагч гэсэн утгатай нэр боловч тэр хэзээ ч аялдаггүй) болон түүний эхнэр Талитатай учрахдаа Парисын шидэт уур амьсгалаас илүү бодит амьдралтай, өөрийнхөө сүүдэртэй нүүр тулдаг. Трэвэлер бол Оливэйрагийн яг эсрэг дүр, эсвэл түүний өөр нэг “болзолт” хувилбар юм. Оливэйра Трэвэлерийг харахдаа өөрийгөө толинд харж буй мэт болдог. Трэвэлер бол нэр шигээ аялагч биш, харин нэг газартаа шигдсэн бэртэгчин боловч тэрээр Оливэйрагийн хүсээд ч хүрэхгүй энгийн, тогтвортой амьдралыг төлөөлнө. Тэд нэг зоосны хоёр тал бөгөөд нэг нь утга учрыг хайж тэнүүчилдэг бол, нөгөө нь утга учиргүй оршихуйг хүлээн зөвшөөрч нэг сууриндаа үлджээ.
Энэ хэсэгт гардаг “Кибүц” буюу дотоод гүүрний дүрслэл нь онцгой, абсурд шинжтэй. Оливэйра Трэвэлер, Талита хоёрын цонхны хооронд банз тавьж гүүр хийдэг хэсэгт тэд нэг цонхноос нөгөө рүү ердөө л жаахан хадаас, хандлах өвс дамжуулах гэж, Талитаг банзан дээгүүр мөлхүүлдэг. Энэ бол зөвхөн бодит үйлдэл биш, харин бусадтай холбогдох гэсэн, алдагдсан тэнцвэрээ олох гэсэн, ганцаардлаасаа зугтах гэсэн цөхрөлийн метафор гэмээр. Энэхүү банзан гүүр Оливэйрагийн хувьд тэнгэр газрын хоорондох цорын ганц эмзэг, найдваргүй холбоос юм.
Оливейрагийн сэтгэл зүй туйлдаа хүртэл чивчирч, галзуурлын ирмэг дээр ирэх, “нүд нь боолттой” дүрслэл романы хамгийн хүчтэй, зүрх шимшрүүлэм хэсэг. Тэрээр ертөнцийг гүн гүнзгий “харж”, ойлгож байна гэж бардамнасан ч үнэндээ хамгийн энгийн зүйлсийг ч харах чадваргүй байсныг энд ёгтолж буй мэт.

Цонхны тавцан дээрх тэр эцсийн агшин бол романы хамгийн том асуултын тэмдэг. Тэр нэгмөсөн доош үсэрч тэнгэрт очих уу үү, эсвэл буугаад газарт хөл тавих уу?
“Чартаа” бол тэнгэрт хүрч чадаагүй хүний түүх. Гэвч чухам тэр л ялгуусан алдаанууд, алгассан үсрэлт, хожимдсон ухаарал нь бидэнд хамгийн ойр, хамгийн “хүнлэг” үнэнийг хэлж өгдөг.
Орасио Оливэйраг уншигч бид үзэн ядаж, жигшиж болох ч, эцэст нь түүний цөхрөлөөс, бүтэлгүйтлээс өөрсдийнхөө төрхийг олж харах шиг болдог. Магадгүй уран зохиолын жинхэнэ үүрэг нь биднийг тэнгэрт хүргэж төгс төгөлдөр болгоход бус, харин газар дээр хүн хэвээр үлдэхийг сануулахад оршдог биз ээ. “Чартаа” тоглохдоо гартаа атгасан чулуу тэнгэр, газар хоёрын дунд хаа нэгтээ гацсан ч, тэнгэр лүү тэмүүлж, догонцон үсэрсэн агшин бүр хожмоо бидний амьдралын хамгийн бодит, хамгийн үнэн мөч болон үлдэх буй за.