
Мексикийн инфлюнсер Сесар Гастелумыг мягмар гарагт Мексикийн баруун хойд хэсгийн Кулиакан хот дахь түргэн хоолны газрын өмнө TikTok-ийн шууд дамжуулалт хийж байх үед нь буудан хөнөөсөн талаар орон нутгийн болон холбооны эрх баригчид мэдээллээ.
TikTok-т 600 мянга гаруй дагагчтай Гастелумыг мотоциклтой, хамгаалалтын малгай өмссөн хоёр хүн буудсан болох нь дүрс бичлэгт үлджээ. Синалоа мужийн аюулгүй байдлын албан тушаалтан Гастелум амиа алдсаныг баталж, өргөн хүрээтэй аюулгүй байдлын ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдсэн байна.
Лхагва гарагт Мексикийн Холбооны аюулгүй байдлын кабинет мэдэгдэхдээ, уг халдлага нь Гастелумын олон нийтийн сүлжээн дэх зарим нийтлэлтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн заримд нь тэрээр гэмт бүлэглэлийн нэгэн фракцыг дурдсан байж болзошгүй гэжээ.
Холбооны байгууллагууд Синалоа мужийн прокурорын газартай хамтран хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтыг шинжилж, хэрэг үйлдсэн этгээдүүдийг тогтоон баривчлахаар ажиллаж байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум уг хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдийг олж тогтоох шаардлагатайг онцолсон байна.
“Гэмт хэргийг шууд үйлдсэн этгээдүүд, шаардлагатай бол зохион байгуулагч нь ч баривчлагдах ёстой. Мөн энэ эмгэнэлт аллагын цаад шалтгааныг тогтоох хэрэгтэй” гэж Шейнбаум өглөөний хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Синалоад картелийн дотоод мөргөлдөөн ширүүсэв
Кулиакан болон Синалоа мужийн бусад хотууд сүүлийн үед зохион байгуулалттай гэмт хэргийн улмаас хүнд нөхцөлтэй тулгарч байна. International Crisis Group байгууллагын тайланд дурдсанаар, Лос Маёос болон Лос Чапитос бүлэглэлүүд 2024 оны есдүгээр сараас хойш Синалоагийн гол хотууд болох Кулиакан, Масатлан болон мужийн бусад бүсэд нөлөөгөө тогтоохын төлөө өрсөлдөх болсон.
Тайланд өгүүлснээр, хоёр тал галт зэвсэг, хуягласан автомашин, тэр бүү хэл дрон хүртэл ашиглаж байгаа нь хүчирхийллийн түвшинг нэмэгдүүлж, олон бүс нутгийн өдөр тутмын амьдралыг тасалдуулжээ. Мөн өрсөлдөгчөө айлган сүрдүүлэхийн тулд хүчирхийллийн арга хэрэглэдэг гэж дурдсан байна.
Эдгээр бүлэглэлүүд нь Синалоа картелийн үүсгэн байгуулагчид болох Исмаэл “Маёо” Замбада болон Жакуйн “Чапо Гусман” нарын нэрээр нэрлэгдсэн байдаг. Хоёул АНУ-д хар тамхины хэрэгт бүх насаар хорих ял эдэлж байгаа. Тэдний дэмжигч бүлэглэлүүд картелийн удирдлагын төлөө өрсөлдөж буй юм. Лос Маёос Маёо Замбадаг дэмждэг бол Лос Чапитос нь Чапо Гусманы хөвгүүдээр удирдуулдаг.