
Бээжин хотын хамгийн өндөр барилга болох 109 давхар CITIC Tower цамхгийг бага оврын онгоц мөргөж, нисгэгч нь амиа алдан 13 хүн шархадсан ноцтой осол гараад дөрөв хонож байгаа ч ослын шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Коммунист намын төв байр болох Жуннанхайгаас ердөө хэдхэн километрийн зайд болсон уг ослын талаар Хятадын төрийн өмчит "Beijing Daily" сонинд нийтлэгдсэн, үндсэн баримтуудыг дурдсан 60 үгтэй тайлан нь одоогоор Хятад улсаас албан ёсоор нийтлээд байгаа цорын ганц мэдэгдэл юм. Бээжин хот нь Тяньаньмэний талбай болон дээд удирдагчид амьдарч, ажилладаг өндөр хамгаалалттай Жуннанхай цогцолборын орчимд ойролцоогоор 100 кв.км талбайд байнгын нислэг үйлдэхийг хориглодог.
Баасан гарагт болсон ослын улмаас CITIC цамхгийн хажуу бөөрөнд нүх гарсныг банзаар таглажээ. Мөн ослын талаарх дүрс бичлэгүүдийг Хятадын интернэтээс бүрэн устгасан байна. Нисэхийн гурван компани BBC-д мэдээлэхдээ, Бээжинд бага оврын агаарын хөлгийн үйл ажиллагааг зогсоох зааварчилгаа авсан гэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Агаарын орон зайн хатуу хяналттай Бээжин хотод бага оврын онгоц хэрхэн нэвтэрч чадсан талаар таамаглал улам бүр газар авсаар байна. Барууны зарим хэрэглэгчид үүнийг АНУ-ын 9/11-ний халдлагатай зүйрлэж байгаа бол олон улсын харилцааны шинжээчид 1987 онд Германы нисгэгч Матиас Руст Зөвлөлтийн агаарын хамгаалалтыг нэвтэрч Москвагийн Улаан талбайд газардсан түүхэн үйл явдалтай зүйрлэжээ. Тухайн үед Зөвлөлтийн агаарын хамгаалалтын өндөр албан тушаалтнуудхалагдаж байсан шиг Бээжинд ч мөн аюулгүй байдлын удирдлагууд шийтгэл хүлээсэн байж магадгүй юм.