
"FIBA Asia Cup 2029" буюу сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд маргааш Улаанбаатарт эхэлнэ. Энэ хэсэгт зургаан баг багтсан бөгөөд багууд тус бүр гурван тоглолт хийсний дараа нэгдсэн дүн гарч цааш өрсөлдөх дөрвөн баг тодрох юм. Манай шигшээ баг маргааш Индонезийн багтай эхний тоглолтоо хийнэ. Тоглолтын өмнө шигшээ багийн тоглогч А.Азбаяртай ярилцлаа.
-Таны хувьд дахин шигшээ багт дуудагдсанд баяр хүргэе. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд юу гэж хэлэх вэ?
-Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд дахин багтсандаа баяртай байна. Би Японоос энэ сарын 16-нд ирсэн. Хэдийгээр цөөн хоног бэлтгэлд хамрагдсан ч гэсэн тоглоход бэлэн болсон. Өөртөө байгаа бүхнээ, чадвал бүр илүүг багаараа гаргаж, эх орныхоо нэрийн өмнөөс бүхнээ дайчлах болно. Манай багийн тоглогч бүр өөрийнхөө хийх ёстой зүйлээ мэдэж байгаа. Бэлтгэлийн хувьд үнэхээр асуудалгүй өнгөрлөө. Шигшээ багийн дасгалжуулагчийн солилцоо бол өөрчлөлтийн нэг. Бидний хувьд багийн өмнөх систем ч гэх юмуу ямар нэгэн өөрчлөлт гарахгүйгээр нэгдэж чадаж байгаа.
-Манай шигшээ баг Индонез, Хонконг, Малайзын багтай тоглоно. Бусад багийн тухайд юу хэлэх вэ?
-Өрсөлдөгч багийн тоглогчдыг судалсан. Зарим багтай өмнө нь тоглож байсан болохоор харьцангуй гайгүй гэж харж байна. Хонконг, Малайзын багийн тоглогчдыг мэднэ. Бас тэднийг арга барилыг ч судалж байгаа. Тэгэхээр харьцангуй хүнд биш санагдсан. Манай баг нэг хүн шиг байж чаддаг. Бидний ард ажиллаж буй дасгалжуулагч, арын албаныхан гээд тэд нэгдмэл байдалтай байдаг учраас ойлголцохгүй байх вий гэсэн асуудал байхгүй. Манай багт мэдээж тодорхой хэмжээний дарамт бий. Гэхдээ дарамт байгаа гэж харахгүйгээр үзэгчийнхээ өмнө чадах бүхнээ хийх болно. Миний хувьд баг надаас юу хүснэ, түүнийгээ тултал нь гаргана гэсэн бэлтгэлтэй ирсэн.
-Таны хувьд Японы В лигт тоглож байна. Тэнд лигийн тоглолт хэрхэн явагдаж байна вэ?
-Би Японд очоод гурван сар орчим боллоо. Лигийн тоглолт нь өөр байдлаар болдгийг очоод мэдэрсэн. Энд тоглодгоос өөр орчин угтсан. Монголын сагсан бөмбөгөөс өөр орчин тэнд байгааг анзаарсан. Тоглолтын систем болон арга барил нь өөр. Тэнд маш хурдтай тоглож байна. Бас жижиг өөрчлөлтүүд их гарч байна. Миний анзаарснаар тэндээс бага ч болов зүйлийг сураад эх орондоо ирэх юм байна гэж харсан. Манай баг /Fukushima Firebonds/ одоогоор есөн хожилтой яваа. Энэ амжилт нийт багийн дундуур гэсэн үг.
-Япон орныг бид сүмо бөхөөр нь төсөөлдөг. Гэтэл одоо тус улсын лигийн тоглолтод Монголын тоглогч ороод ирлээ. Тэнд дасах зохицох чадвар хэр байна вэ?
-Мэдээж маш их дэмжлэг ирж байгаа. Японд байгаа монгол иргэд манай багийн тоглолтыг үзэж, баяр хүргэсээр байна. Манай олон бөхчүүд мэргэжлийн сүмод барилдаж байна. Энэ утгаараа дэмжлэг их байгаа. Бөхчүүдээс хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэж байнга анхаарал тавьдаг. Энэ нь надад үнэхээр сайхан санагдаж байгаа. Тэнд очоод бүх зүйл шинэ санагдсан. Цаг уурын байдлаас эхлээд зааланд бэлтгэл хийх цаг хугацаа, нөхцөл байдал өөр. Гэхдээ монгол хүний дасан зохицох чадвар харьцангүй сайн талдаа юм байна. Одоо надад гайгүй болсон. Тиймээс цаашид асуудал гарахгүй байх гэж бодож байна.
-Таны хувьд шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин багтаж тоглох гэж байна. Талбайд гарахад юу нөлөөлсөн бэ?
-Миний амьдралын нэг хэсэг сагсан бөмбөг болчихлоо. Би үнэхээр дуртай учраас өнөөдрийг хүртэл тоглож байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана гэдэг сайхан мэдрэмж. Би сагсан бөмбөгийн бэлтгэлийг өдөр бүр хийж байгаа учраас дуртай болохоос аргагүй байна. Дуртай юмаа хийж байгаа болохоор би сагсан бөмбөгөөс илүү гоё мэдрэмжүүдийг авч байна.
-Сагсан бөмбөгт орж байсан тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Би багадаа таеквондогийн спортоор хичээллэдэг байсан. Үнэндээ тулааны спортоос бөмбөг рүү орсон доо. Намайг 7-р ангид байхад манай сургуулийн сагсан бөмбөгийн багш анх санал тавьж байсан. Тухайн үед надад бөмбөг барих сонирхол үнэндээ байгаагүй ээ. Багш намайг олон удаа гуйж байсан. Манай найзууд сургуулийн шигшээ багт тоглодог болохоор тэднээс байнга мэдээлэл авна. Нэг удаа найз маань биеийн тамирын багш “чамайг ирэхгүй бол дүнгийг чинь гаргахгүй гэж байна” гэж хэлж байлаа. Ингээд л би дүнгээ гаргах гэж сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт орж байсан.
-Та шигшээ багийн бүрэлдэхүүнд нь өмнө нь дуудагдаж байсан. Аль тоглолт таны анхаарлыг татаж байсан бэ?
-Хоёр жилийн өмнө бид Гуамын талбайд тоглож байлаа. Тухайн үед 11 онооны зөрүүтэй хожигдсон. Энэ тоглолт үнэхээр сэтгэлд ойр байдаг. Тухайн үед хожих боломжтой юм байна гэж ирж байсан. Тэгэхээр миний хувьд Гуамтай хийсэн тоглолтыг нэрлэж байна. Харин энэ жил манай шигшээ баг маш сайн тоглолтыг хийлээ. Вьетнам, Гуамыг хожиж, Тайландад тун ойр хожигдсон. Бидний хувьд энэ удаа байдаг бүхнээ дайчлах болно. Тиймээс маргааш болох тоглолтод шигшээ багийн бүрэлдэхүүн бэлэн байна. Энэ жилийн хавар UG Arena-д тоглосон. Энд тоглох сайхан байдаг. Үзэгч түмэндээ хандаж хэлэхэд биднийг сайн дэмжээрэй. Нутгийн дэвжээ гэдэг бол маш өөр байдаг. Та нарын дэмжлэг бидэнд зүтгэх зүтгэлийн гол түлхүүр болдог. Тиймээс маргааш шигшээ багаа ирж дэмжээрэй. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй бид бүхэн хичээх болно.


