Дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Пёнчан хотын олимпын бэлтгэлийн баазад болж байна. 6 орны баг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний холын зайн төрлийн аваргууд өнөөдөр тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 15 км зайд 47 тамирчин уралдсанаас Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах алтан медаль хүртлээ. Энэ зайд О.Золбаяр 7-р байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдаанд Э.Ариунтунгалаг 4-р байр, Н.Нандинцэцэг 6-р байрт орлоо.
Өчигдөр эхэлсэн дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний ойрын зайн уралдаанд манай тамирчдаас Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар мөнгө, О.Золбаяр хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр болсон холын зайн уралдаанд Б.Ачбадрах алтан медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг үргэлжүүлж байна.
Дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө.
