
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган зарим бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийн туурвисан "Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" сэдэвт бүтээлд Төрийн шагнал олгож, эрдэмтдийн багийн ахлагч гавьяат хуульч Д.Лүндээжанцанд шагналыг нь гардуулав.
Зүрхний титим судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга тенхологийг цогцоор нь нэвтрүүлсэн багт Төрийг шагнал олгов. Шагналыг багийн ахлагч Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношлогоо, эмчилгээний төвийн зөвлөх, хүний гавьяат эмч З.Лхагвасүрэн, багийн гишүүн Гуравдугаар төв эмнэлгийн захирал, хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир, Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын зөвлөх, Хөдөлмөрийн баатар, ардын эмч Н.Баасанжав, "Бумаа санаа" эмнэлгийн захирал, Гуравдугаар төв эмнэлгийн судасны мэс заслын зөвлөхг хүний гавьяат эмч Д.Цэгээнжав, Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношлогоо, эмчилгээний төвийн эмч Ц.Дамдинсүрэн нарт гардуулсан юм.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Ц.Энхтайваны 12.5 метр өндөр, гантиг чулуун "Бурхан багшийн босоо сэрэг дүр" сэдэвт бүтээлд Төрийн шагнал олголоо.

Математикийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийн туурвисан "Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ" сэдэвт бүтээлд Төрийн шагнал олгов. Бүтээлийн багийн ахлагч ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Т.Жанлав, багийн гишүүн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт О.Чулуунбаатар, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш Р.Мэжиддорж, ШУТИС-ийн проректор В.Өлзийбаяр нарт шагналыг нь гардуулав.

Математик, физикийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийн туурвисан "Монгол орны ундны усан дахь уран" сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Шагналыг багийн ахлагч ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, гавьяат багш Х.Цоохүү, багийн гишүүн МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н.Тэгшбаяр нарт гардууллаа.

Улсын филармоны ахмад уран бүтээлч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн "Симфони вариац" хөгжмийн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
