
Истанбул хотноо зохион байгуулагдсан "Contemporary Istanbul" олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнгийн 21 дэх удаагийн арга хэмжээнд 16 орны 70 галерей оролцож, 736 уран бүтээлчийн 1372 бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
Үзэсгэлэн нь Туркийн Истанбул хотын Алтан эвэр булангийн эрэгт байрлах, Османы үеийн түүхэн усан онгоцны үйлдвэрийн цогцолбор болох "Tersane Istanbul"-д болж, нийт 38 500 орчим хүн үзэж сонирхсон байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд 22 галерей анх удаа нэгдсэн бөгөөд олон улсын үзэгчдийн тоо өмнөх удаагийнхаас 50 хувиар өссөн гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Тус үзэсгэлэнгийн онцлох хөтөлбөр нь “Focus: Asia” байсан бөгөөд Хонконг, Шанхай, Токио, Сөүл, Шинэ Дели, Сингапур зэрэг Азийн урлагийн төвүүдийн галерей, уран бүтээлчдийг Истанбулд нэгтгэв. Мөн галерейн танхимаас гадна далайн эргийн дагуу байрлуулсан томоохон хэмжээтэй 12 баримлаас бүрдэх задгай талбайн үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд Испанийн уран барималч Жауме Пленсагийн долоон метр өндөр “Juana” бүтээл анхаарал татсан байна.




Үзэсгэлэнгийн хүрээнд шинээр гарч ирж буй уран бүтээлчид, олон улсын цуглуулагчид, галерейнуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, Азийн орчин үеийн урлагийн чиг хандлагыг дэлхийн урлагийн зах зээлтэй холбохыг зорьжээ.
Үүнээс гадна залуусыг орчин үеийн урлагтай танилцуулах зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад үнэ төлбөргүй үзэх боломж олгосноор 1250 оюутан тус үзэсгэлэнд оролцсон байна. Мөн дүрслэх урлагийн сургуулийн 300 гаруй сурагч “Akbank”-аас зохион байгуулсан тусгай хөтөчтэй аялалд хамрагдсан аж.