
Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцууллаа.
Тус банкнаас манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) буюу эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь болж өснө гэсэн өмнөх тооцооллоо хэвээр үлдээлээ. Харин инфляцын төсөөллийг нэмэгдүүлж, 2026 онд 10.7 хувь, 2027 онд 8.3 хувь байхаар шинэчилсэн байна. Үүнд мах, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
АХБ Монголын эдийн засагт шатахууны нийлүүлэлтийн тасалдал, махны үнийн өндөр түвшин, төсвийн зардлын тэлэлт, уул уурхайн орлогын савлагаа гэсэн дөрвөн гол эрсдэл байгааг онцлов.
АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд үндэслээд худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл буурсан нь дотоод эрэлт суларч байгааг илтгэж байгаа тул төсөөллийг нэмэгдүүлэхгүй байх үндэслэл болсон.
Инфляцыг өмнө нь 2026 онд 7.8 хувь байна гэж төсөөлснийг 10.7 хувь, 2027 онд 6.8 хувь гэж төсөөлснийг 8.3 хувь болгон тус тус өсгөлөө. Шинэчлэх болсон шалтгаан нь нэгдүгээрт махны үнэтэй холбоотой. Удаах шалтгаан нь шатахууны үнэ" гэж тайлбарлав.
Харин манай улсын эдийн засагт учирч болох дөрвөн эрсдлийн хувьд:
Шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учрах эрсдэлтэй. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжин нөлөөлөх эрсдэлтэй.
Махны үнэ өндөр хэвээр байж, инфляц хоёр оронтой тоонд удаан хадгалагдах эрсдэл үүснэ. АХБ-ны төсөөллөөр үнийн дарамт аажмаар буурна гэж тооцсон ч буурах хурд нь төсөөлснөөс бага байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай аж.
Төсвийн тэлэлт буюу төсвийн зардлыг 32 хувиар нэмэгдүүлснээр зардал нь өрхийн хэрэглээгээр дамжиж эдийн засагт эергээр нөлөөлөх боловч нөгөө талдаа эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл үүсгэх магадлалтай.
Уул уурхайн орлогын савлагаа нь Монгол Улсын эдийн засгийн суурь эрсдэл ч гэлээ төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорттой холбоотойгоор төсвийн орлого огцом буурвал Монгол Улсын эдийн засаг эмзэг болно гэж таамаглаж буй аж.