
Эдийн засаг, хөгжлийн яам зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ.
Хуралдааны эхэнд, өнгөрсөн хуралдаанаас хойш зөвлөлийн ажлын алба болон эдийн засаг, хөгжлийн яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнг танилцууллаа.
Ийнхүү эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулж, шаардлагагүй болсон 44 актыг хүчингүй болгож, зохицуулалтыг цөөлөв. Мөн бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах зорилгоор 54 байгууллагын 367 төрлийн зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байх тохиргоог хийжээ.
Басхүү "Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль" хэрэгжиж эхэлснээс хойш 32 358 зөвшөөрөл олгоод байгаа аж. Үүнээс гадна “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, даваа-баасан гарагт иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэв.