
НАСА хагас зууны дараа анх удаа сансрын нисэгчдийг саран дээр буулгах Артемис хөтөлбөртөө нэмэлт нислэг оруулж байна.
Анхны төлөвлөгөөгөөр бол Aртемис II даалгаврын хүрээнд (одоогоор дөрөвдүгээр сард товлогдоод буй) сарыг тойрч нисээд, 2028 онд Aртемис III-аар саран дээр буух байсан.
Харин одоо Aртемис III нь дэлхийд ойрхон үлдэж, 2027 онд баг дэлхийн тойрог замд очин саран дээр буух төхөөрөмжтэй залгагдах дадлага хийнэ.
НАСА-ийн захирал Жаред Айзекман хэвлэлийн бага хурал дээр Aртемис хөтөлбөрт нэмэлт шат оруулж буй нь хөөргөлтүүдийн хооронд хэт урт завсар гаргахыг хүсээгүйтэй холбоотой гэж тайлбарлав. Тэрээр дэлхийн тойрог зам дахь нэмэлт нислэг нь сарны буултаас өмнө технологийг туршихад тустай хэмээн тайлбарлажээ. Мөн НАСА Aртемис II даалгаврын талаар шинэчилсэн мэдээлэл өгсөн бөгөөд энэ даалгавраар дөрвөн сансрын нисэгч сарны алслагдсан талаас тойрч, дэлхийд буцаж ирнэ.
Гуравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байсан ч Space Launch System (SLS) пуужинд гелийн алдагдал илэрсэн тул хойшлогджээ. Пуужинг одоо Флорида дахь Кеннедигийн сансрын төвийн Vehicle Assembly Building рүү буцаан зөөж, засвар хийж байна.
НАСА, SpaceX компанитай саран дээр буух төхөөрөмж бүтээх гэрээ байгуулсан бөгөөд уг төхөөрөмжийг Starship пуужингаар хөөргөх ёстой. Гэвч Starship-ийн саатал НАСА-гийн буцах хугацааг хурдасгах шинэ, илүү товч төлөвлөгөө гаргахыг SpaceX-ээс шаардахад хүргэсэн аж.