
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өргөдлийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж авсанаар Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулахдаа дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй хэмээлээ. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй. Нийт 73 гишүүн санал хураалтад оролцсоноос 74 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаас чөлөөлөгдөж байна.
Есөн сарын өмнө Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатарыг 10 дугаар сард парламентын хямралын үеэр огцруулсан ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Засгийн газар тогтож үлдсэн юм.
МАН-ын Бага хурал ойрын хугацаанд хуралдаж дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ.