
1990-ээд оны сүүлээс эхлэн Холливудын гэр бүлийн болон өсвөр насныханд зориулсан инээдмийн киноны өнгө төрхийг тодорхойлогч, найруулагч Марк Уотерсон энэ өдөр төржээ.
Түүний кинонууд хөнгөн, хөгжилтэй өнгө аястай ч өсвөр насны дарамт, гэр бүлийн харилцаа, өөрийгөө танин мэдэх үйл явцыг инээдэмтэй хэр нь ухаалаг байдлаар өгүүлдгээрээ онцлог. Уотерсын бүтээлүүд дүрүүдийн хоорондын харилцаанд төвлөрч, энгийн мэт санагдах нөхцөл байдлыг үзэгчдэд танил атлаа шинэлэг өнцгөөс харуулдаг. Ялангуяа 2000-аад оны эхэн үеийн Америкийн өсвөр насныхны онцлогыг хамгийн тодорхой дүрсэлсэн найруулагчдын нэг гэж үздэг.
MR. POPPER'S PENGUINS
Ричард, Флоренс Атватер нарын сонгодог хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд амжилтад хэт автсан үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Том Поппер санаандгүй зургаан оцон шувууны эзэн болсноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөнө. Эхэндээ тэднээс салахыг хүсэх авч аажмаар гэр бүл, хайр халамжийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож эхэлдэг.
Уг кино материаллаг амжилтаас илүү хүний дотно харилцаа, гэр бүлийн аз жаргал ямар үнэ цэнтэй болохыг өгүүлдэг. Жим Керригийн тоглолтыг Марк Уотерсын дулаан найруулгатай хослуулсан нь бүх насныханд зориулсан гэр бүлийн кино болгож чадсан юм.
FREAKY FRIDAY
Ээж, охин хоёрын бие солигддог уг инээдмийн кино Марк Уотерсын хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг. Хоёр өөр үеийн хүмүүс бие биенийхээ амьдралыг туулснаар харилцан ойлголцолд хүрдэг тухай өгүүлнэ.
Инээдмийн жанр бүхий эл кино үе үеийн хүмүүсийн хоорондын үл ойлголцол, гэр бүлийн үнэ цэнийг энгийн бөгөөд дулаан байдлаар харуулдаг. Инээдэм, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг тэнцвэртэй хослуулсан нь уг бүтээлийг гэр бүлийн киноны шилдэг жишээ болгосон юм.
GHOSTS OF GIRLFRIENDS PAST
Чарльз Диккенсийн алдар Кэролын зул сар зохиолоос санаа авч бүтээсэн энэхүү романтик инээдмийн кинонд өнгөрсөн, одоо, ирээдүйн харилцаагаа эргэн харах боломж олдсон гэрлэлтээс зугтагч эрийн тухай өгүүлдэг.
Кино хайр дурлалын тухай хэвшмэл ойлголтыг хошин егөөдлөөр тайлбарлахын зэрэгцээ хүний амьдрал дахь сонголт, харамсал, өөрчлөлтийн үнэ цэнийг хөнддөг. Маттью Макконахигийн тоглолт киноны гол амин сүнс болдог.
-660x0.jpeg)
THE SPIDERWICK CHRONICLES
Хүүхдийн уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд Грэйсийн гэр бүл өвөг дээдсийнхээ хуучин харшид нүүж ирснээр хүний нүдэнд үл үзэгдэх ид шидийн ертөнцтэй учирдаг. Гол дүрийн хүү болох Жаред нууцлаг гарын авлагыг олсноор дагина, элф, мангас зэрэг домгийн амьтадтай нүүр тулж, гэр бүлээ хамгаалах тэмцэлд татагдан орно.
Марк Уотерс энэ бүтээлээрээ хүүхдийн адал явдал, гэр бүлийн харилцааг уран зөгнөлийн ертөнцтэй чадварлаг хослуулсан. Тус кино зөвхөн гайхамшигт амьтдын тухай өгүүлэхээс гадна ах дүүсийн итгэлцэл, зориг, хариуцлагын үнэ цэнийг онцолсон нь өнөөдөр ч гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой адал явдалт киноны нэг хэвээр үлджээ.
JUST LIKE HEAVEN
Романтик уран зөгнөлт энэ кинонд ганцаардмал эр шинэ байрандаа амьдрахдаа зөвхөн өөрт нь харагддаг бүсгүйтэй учирна. Амьдрал, үхлийн зааг дээр орших хайрын түүхийг инээдэм, уянгын өнгө аястай өгүүлжээ.
Марк Уотерс энэхүү бүтээлээрээ романтик кинонд хэт драм нэмэлгүйгээр хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадсан. Хайр бол зөвхөн учрал бус харин хүнийг өөрчилж чаддаг хүч болохыг уг кино сануулдаг.