
Хятад улс далайн хүчээ нэмэгдүүлэх, нөөц баялгаа баталгаажуулах, нутаг дэвсгэрийн шаардлагаа бэхжүүлэх зорилгоор анхны цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлгийн танилцуулга видеогоор дамжуулан дохио өгчээ.
Хятадын тэнгисийн зэвсэгт хүчин 77 жилийн ойн өмнөхөн гаргасан видео бичлэгт гурван нисэх онгоц тээгч болох Лиаонин, Шандун, Фужиан дүрслэгдсэн байна. Тус бичлэгт “Хэ Жянь” нэртэй 19 настай шинэ элсэгч гарч ирсэн нь Хятад улс дөрөв дэх, цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч барих гэж байна уу гэсэн таамгийг олон нийтийн дунд үүсгээд байна. Түүний нэр нь хятад хэлэнд “цөмийн хөлөг” гэсэн үгтэй авиа ойролцоо юм.
Одоогоор ашиглагдаж буй гурван хөлөг нь бүгд уламжлалт хөдөлгүүртэй бөгөөд 16, 17, 18 гэсэн дараалсан дугаартай. Харин 19 настай шинэ элсэгч нь энэ дарааллыг үргэлжлүүлэх дохио байж магадгүй гэж үзэж байна.
Бичлэгт дөрвөн үеийн тэнгисийн цэргийн алба хаагчдыг харуулсан бөгөөд төгсгөлд нь Тайванийг эх газрын Хятадтай нэгтгэхийг бэлгэдсэн далд утгатай хэсгийг оруулжээ. Ши Жиньпины удирдлагын дор Бээжин Тайванийг хүчээр нэгтгэх боломжийг үгүйсгээгүй бөгөөд арлын орчимд цэргийн идэвхээ нэмэгдүүлээд байгаа юм.
Хятадын төрийн хэвлэл Global Times “Хятадын тэнгисийн зэвсэгт хүчний сурталчилгааны бичлэгүүдийн далд утга нь уламжлал болсон бөгөөд энэ удаагийн төгсгөл нь бэлгэдлээр баялаг” гэж мэдээлжээ.

Бичлэгт нэгэн тэнгисийн цэргийн алба хаагч болон түүний “Сяо Ван” нэртэй хүүгийн яриаг харуулсан бөгөөд энэ нэр нь Тайванд хамааруулсан бэлгэдэл юм. Хүү “Би одоохондоо гэртээ харихыг хүсэхгүй байна, илүү тогломоор байна” гэхэд аав нь “Сяо Ван, битгий зөрүүдлэ. Ээж чинь гэртээ хүлээж байна. Харих цаг боллоо” гэж хэлдэг.
Хятад улс “blue-water navy” буюу алс далайд үйл ажиллагаа явуулах чадвартай тэнгисийн цэрэг байгуулахад олон тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд энэ зорилго 2012 онд Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаас хойш улам эрчимжсэн.
Бичлэгт мөн Номхон далайд явуулж буй цэргийн сургуулилалт, довтолгооны дүрслэлүүд багтсан байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан тайландаа Хятад улс 2035 он гэхэд 9 нисэх онгоц тээгчтэй болох зорилготой гэж мэдэгдсэн. Одоогоор 3 хөлөгтэй байгаа Хятад энэ хугацаанд флотоо гурав дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Далянь хотын усан онгоцны үйлдвэрт баригдаж байгаа гэж үздэг Type 004 ангиллын дөрөв дэх хөлөг нь анхны цөмийн хөдөлгүүртэй байх магадлалтай бөгөөд хоёр реактортой байх төлөвтэй.
Энэ хөлөг нь 110 000–120 000 тонн жинтэй, 100 гаруй нисэх онгоц тээвэрлэх чадвартай супер тээвэрлэгч байх бөгөөд цахилгаан соронзон катапульт ашиглан J-35, KJ-600 зэрэг дэвшилтэт онгоц хөөргөх боломжтой гэж мэдээлжээ.
АНУ-ын тэнгисийн цэрэг 11 нисэх онгоц тээгчтэй бөгөөд үүнд USS Gerald R. Ford зэрэг дэвшилтэт хөлгүүд багтдаг.
Хятадын Байгалийн нөөцийн яам албан ёсны People's Daily сонинд нийтлэл гаргаж, Хятадын нэхэмжилдэг 11 000 гаруй арлыг “хамгаалах”-д илүү анхаарахыг уриалжээ.
Эдгээрийн ихэнх нь эргээс 100 км-ийн зайд байрладаг бөгөөд 60 орчим хувь нь Зүүн Хятадын тэнгист, 30 орчим хувь нь Өмнөд Хятадын тэнгист, үлдсэн нь Бохай болон Шар тэнгист байрладаг.
Хятад улс маргаантай Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал, нисэх зурвас, цэргийн байгууламжуудыг сүүлийн жилүүдэд идэвхтэй байгуулсаар байна.