
Лондоны Эзэн хааны нэрэмжит коллежийн судлаачид зохиолч Уильям Шекспирийн 1613 онд нийслэл хотноо худалдаж авсан цорын ганц байшингийн байршлыг яг таг тогтоожээ. Зохиолчийн ач охин 1665 онд байшинг зарсантай холбогдох эрх зүйн хоёр баримт бичигт үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн юм.
Үндэсний төв архивт хадгалагдаж байсан баримтуудыг тун санамсаргүй байдлаар нягтлан судлахад их зохиолчийн эзэмшилтэй холбоотой болох нь тодорчээ. Шинэ нотлох баримтаар бол зохиолчийн байшин дундад зууны үеийн хийцтэй, L хэлбэрийн барилга байжээ. Байшингаас холгүйхэн Шекспирийн хамтран эзэмшдэг Блэкфрайарс театр байрлана.
Шекспир хамтран эзэмшдэг театрынхаа ойролцоо үл хөдлөх хөрөнгөтэй гэх баримтыг түүхчид эртнээс мэддэг байсан ч байршлыг нь тодорхойлж чадаагүй өнөө хүрсэн. Харин дээрх баримт Шекспир 1613 онд Глоб театр шатсаны дараа төрөлх хот руугаа бүр мөсөн буцсан гэх итгэл үнэмшлийг эргэлзээнд оруулж байна. Учир нь Блэкфрайарс театраас ердөө таван минут алхах зайд хувийн байшинтай байсан жүжгийн зохиолч "VIII Хенри", "Хоёр язгууртан" зэрэг Жон Флетчертэй хамтран бичсэн сүүлийн жүжгүүдээ гэртээ туурвисан байх магадлалтай гэнэ.
Байшин 1665 он хүртэл Шекспирийн гэр бүлийн эзэмшилд байгаад ач охин Элизабет Холл Нэш Барнард нь зарж борлуулснаас жилийн дараа Лондоны их түймэрт бүрэн сүйджээ.