
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Засгийн газар улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад онцгой анхаарч, татварын тогтвортой орчин бүрдүүлэн улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэв.
Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав.
Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм.