
Нигери улс түүхэн дэх хамгийн том терроризмын хэргийн шүүх хурлыг нэгийг эхлүүлж, 500 гаруй хүнийг яллах ажиллагааг явуулна.
Сэжигтнүүдийг зүүн хойд бүсэд 17 жилийн өмнө эхэлсэн Боко Харам бүлгийн бослоготой холбоотой халдлагад оролцсон, терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгаж байна. Түүнээс хойш аюулгүй байдлын асуудал улс даяар тархаж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийг зэвсэгт бүлэглэл, барьцаалагчдын өмнө эмзэг болгожээ.
Нийслэл Абужа хотын дээд шүүхэд 227 сэжигтнийг 10 шүүгчийн өмнө авчирснаар шүүх хурал эхэлсэн гэж Ерөнхий прокурор мэдэгдсэн.
Зөвхөн энэ жилд Нигери даяар болсон дэлбэрэлт, халдлагын улмаас хэдэн зуун хүн амиа алджээ.
Терроризмын хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх нь ховор бөгөөд олон сэжигтэн олон жил шүүхэд очилгүй хоригддог байна.
AFP агентлагийн мэдээлснээр лхагва гараг(2026.04.8)-т баруун Нигер мужид зэвсэгт этгээдүүд 20 хүнийг хөнөөжээ. Оршин суугчдын хэлснээр халдагчид Широро дүүргийн тосгод руу дайрсан байна.
Мягмар гарагийн шүүх хурлын үеэр аюулгүй байдал өндөр түвшинд байсан бөгөөд сэжигтнүүдийг цэрэг, цагдаа, тагнуулын хатуу хамгаалалт дор авчирчээ.
Олон улсын ажиглагчид, хүний эрхийн байгууллагууд шүүх хуралд оролцжээ.
Сэжигтнүүдийн зарим нь халдлагад шууд оролцсон, зарим нь санхүүжилт, зэвсэг, логистик дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгагдаж байна.
Таван хүн буруугаа хүлээн зөвшөөрч, 7-20 жилийн хорих ял авсан байна.
Ерөнхий прокурор Латийф Фагбеми Засгийн газар терроризмтой тэмцэхэд шийдэмгий байгааг энэ ажиллагаа харуулж байна гэж мэдэгдээд “Холбооны засгийн газар хууль ёсны ажиллагааг хангаж, буруутай этгээдүүдийг шүүхэд шилжүүлэхдээ тууштай байна” гэж тэр хэлжээ.
Аюулгүй байдлын шинжээч Башир Галма энэ шүүх хурлыг “эерэг хөгжил” бөгөөд “чухал алхам” хэмээн үнэлэв.