
Ноход бол хүн төрөлхтний хамгийн сайн найз бөгөөд эртний ДНХ-ийн шинжилгээгээр нохой, хүний хоорондох бат бөх холбоо 15 000 гаруй жилийн түүхтэй болохыг тогтоожээ.
Nature сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа нь гэрийн тэжээвэр нохойн хамгийн эртний генетикийн нотолгоог 5000 жилээр урагшлуулж, газар тариалан үүсэхээс өмнө хүн амьтан тэжээж, хойлго хийдэг байсныг харуулж байгаа аж.
Хамгийн эртний буюу 15 800 жилийн настай олдворыг Туркийн Анатолид хүний шарилтай хамт оршуулсан байв. Харин 14 300 жилийн тэртээх нохойн эрүүний ясыг Сомерсет дэх Гофын агуйгаас олсон юм. Энэ агуйд хүний мах идэх зан үйлээрээ алдартай овог аймаг амьдардаг байжээ .
Людвиг Максимилианы их сургуулийн доктор Лачи Скарсбрук "Энэ нь 15 000 жилийн өмнө Сомерсетээс Сибирь хүртэл Евразид өөр өөр гарал үүсэлтэй ноход оршин байсны баталгаа. Өөрөөр хэлбэл газар тариалан эрхлэн, мал амьтныг гаршуулахаас 10 000 гаруй жилийн өмнө буюу сүүлийн мөстлөгийн үед нохой гэрийн тэжээвэр амьтан болсон байх магадлалыг нэмэгдүүлж байна" гэжээ.
Өмнөх археологийн нотолгоонууд нохойг мөстлөгийн сүүлийн үе буюу 12 000 жилийн өмнө саарал чоноос гаршуулсан болохыг баттай нотолсон. Гэвч нохойн хамгийн эртний шууд генетикийн нотолгоо нь ердөө 10 900 жилийн настай байсны зэрэгцээ ясны ДНХ-г чоноос ялгахад учир дутагдалтай байжээ.
Скарсбрук болон Лондоны Байгалийн түүхийн музейн эрдэмтдийн хамтарсан судалгаанд Их Британийн Гофын агуй, Туркийн Пинарбашы, Сербийн хоёр газарт байгаа яснаас ДНХ-г шинжилжээ. Дэвшилтэт технологийн үрээр эртний ясны ДНХ-ийн жижиг хэсгүүдийг нэгтгэж, бүхэл бүтэн геномыг сэргээн засварлах боломжийг олгосон бөгөөд энэ нь анх удаа зүйлийн тодорхой тодорхойлолтыг хийх боломжийг олгосон юм.
Судалгааны үр дүнгээс харахад ноход дор хаяж 14 000 жилийн өмнө Европ болон Баруун Азид өргөн тархсан гэсэн дүгнэлтэд хүрлээ. Туркээс олдсон ясны изотопын шинжилгээгээр ноход загасаар баялаг хоол хүнс хэрэглэдэг байсан нь нутгийн хүмүүсийн хоолны дэглэмтэй адилхан болохыг тогтоожээ. Бусад газруудад ижил төстэй хоолны дэглэм ажиглагдсан нь нохойг хүмүүс зориудаар хооллож байсан болохыг харуулж байна.