Монголын улс төрийн хоёр том нам даргаа солих, шинэчлэх асуудалтай нүүр тулаад байна. 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансагласан орлогыг нотолж чадаагүйгээс энэ бүхэн үүдэлтэй. Төрийн өндөр албан тушаалтны жилийн орлогоос давсан мөнгөөр хүү нь найз бүсгүйгээ эрхлүүлсний бурууг АН-д “тохож”, тэднийг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргасан билээ. Үүний дараа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан намаар “туг тахиад” өөрөө суудал дээрээ үлдэх гэсэн Л.Оюун-Эрдэнийн төлөвлөгөө ч бүтэлгүйтсэнээр тэрээр Ерөнхий сайдаас огцров. Одоо МАН-ын даргын албаа шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт шилжүүлж өгөх ёстой. Гэтэл энэ хоёр намын дарга мэдэгдэл хийгээд сар болсон ч албан тушаалдаа хэвээр байна. Үүний шалтгаан юу вэ.
Дутуугаа гүйцээх хүсэл
МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг. Тэгэхээр сонгуульд ялсан намын дарга автоматаар Ерөнхий сайд болно. Гэхдээ уг заалтыг одоогийн нөхцөлд тааруулаад Ерөнхий сайдаар томилогдсон хүн нь намын даргын албан тушаалаа ч авна гэж “орчуулж” буй юм. Гэтэл нэг хүнд байх ёстой МАН-ын дарга болон Ерөнхий сайдын албан тушаал нь салчихаад байна. Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн зүгээс өөрт нь тавьсан орлогоо нотлох шаардлагыг биелүүлж чадаагүй, үндэслэлтэй тайлбар ч хэлээгүй. Орлогоо нотолж чадахгүй бол огцор гэсэн шаардлагыг УИХ хүлээн авч, түүнд итгэл үзүүлэхээс татгалзсан. Өнгөрсөн хугацаанд ардчилал, авлигын үзүүлэлтүүд улам бүр унаж, иргэдийн амьдрал доройтсоны хариуцлагыг түүнээс олон нийт нэхсэн билээ. Өөрөөсөө болж огцорсон ч тэр ихээхэн гомдолтой үлджээ. Тиймээс ч МАН-ын даргын албан тушаалаа өгөхгүй хэмээн зөрүүдэлж үзсэн гэх. Гэвч 100 гаруй жилийн түүхтэй намынхаа үндсэн дүрмээс гажих бодит боломж түүнд үгүй биз.
Тэгвэл яагаад Л.Оюун-Эрдэнийг солихгүй удаад байна вэ. Нөгөө талд нь Г.Занданшатар гэдэг УИХ-ын гишүүн ч биш, намын дарга ч бус хүн яваад байдаг. Үүнд зарим шалтгаан бий аж. Юуны өмнө Улс төрийн намын тухай шинэчилж найруулан баталсан хуулийн дагуу намууд үндсэн дүрэм, дотоод хөтөлбөрөө өөрчилж, энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. “Ах” намууд он тулгаж өөрчлөлтөө хийнэ гэж байсан ч намын даргаа солих нөхцөл үүссэн учраас өвөл хүргэж арай түвдэхгүй нь. МАН-ынхан Их хурлаа ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөжээ. Үүгээр үндсэн дүрэм болон намын даргын асуудлыг ярихаа генсек нь мэдэгдсэн байна лээ.
Тэр болтол Л.Оюун-Эрдэнэд бүтэн гурван сарын хугацаа олдсон гэсэн үг. Тиймээс тэрээр дутуугаа гүйцээх цуврал арга хэмжээг “хамгаалагч” гишүүдээрээ дамжуулан хэрэгжүүлсээр байна. МАН-ын даргын албаа өгөхөөс өмнө Засгийн газар, УИХ дотор өөрийн хүмүүсээ албан тушаалд аль болох давуу томилуулах хүсэл сонирхол түүнд бий.
АН-ын даргын төлөөх марафон
МАН-ын хувьд дарга нь солигдоход дараагийн хүн тодорхой байгаа бол АН-ын нөхцөл байдал огт өөр. Тус намынхан “Хамтарсан Засгийн газрын хамгийн сайн ажилласан сайд нар” хэмээн магтуулсаар хөөгдсөн. Нэгэнт эрх мэдэлгүй болсон, бас олон нийтийн сонголт, итгэлийн эсрэг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орсон учраас Л.Гантөмөрт цаашид Ардчилсан намын дарга хийх сонирхол үлдсэнгүй. Тиймээс “хөөгдсөн” даруйдаа л ажлаа өгөхөө мэдэгдсэн билээ.
Л.Гантөмөрт алдаа, оноо аль, аль нь бий. Юуны өмнө тэрээр хоёр хуваагдан талцаж, мөхлийнхөө замд ороод байсан АН-ыг нэгтгэж чадсан гавьяатай. 2016 оны сонгуулиар АН-ынхан үнэхээр уналтад орсон юм. Олонх байсан уг намаас 2016 онд ердөө есөн гишүүн л сонгогдсон. Тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ намаа ялагдуулсны хариуцлагыг үүрч, ажлаа өгөх ёстой байсан ч эсрэгээрээ тамгаа булаацалдан тэмцэлдсэн. Ингээд энэ нам хоёр дарга, хоёр тамгатай болж, гишүүд нь ч хуваагдав. Ийм талцалтай, хэрүүлтэй явсаар 2020 оны сонгуультай золгож, 11 гишүүнтэй боллоо. Тэр хооронд нь үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн нэг л намын засаглал оршиж, сөрөг хүчин гэж үгүй болов. 2016-2024 онд АН-ын 9-11 гишүүн сөрөг хүчний олигтой дуу хоолой болж ч чадсангүй. Нам гээд байхаар юм ч ард нь үлдсэнгүй. Тус намыг “оршуулах” дөхөж байх үед буюу 2023 оны нэгдүгээр сард Л.Гантөмөрийг даргаар сонгосноор тэд сэхээнд орж, улмаар энгийн тасагт шилжиж чадав. Сөрөг хүчингүй найман жилийг өнгөрүүлж, нэг нам дангаар засаглахын зовлонг мэдэрсэн хүмүүс Ардчилсан намыг чин сэтгэлээсээ дэмжсэн. Монгол Улсад сөрөг хүчин хийж, МАН-тай тулж чадах ганц нам нь АН учраас тэр. Ингээд тэд ч хичээсэн биз, иргэд ч дэмжсэн учраас УИХ-д 42 суудал авч чадлаа. Хүчтэй сөрөг хүчин хийх боломж бүрдсэн гэсэн үг. Харамсалтай нь, олон жил эрх мэдлээс холдож, “цангасан” АН-ын удирдлагууд Засгийн газарт хамтрах шийдвэр гаргаж, олон нийтийн итгэлийг дахин хөсөрдүүлсэн. Бас Ерөнхий сайдын “улаан хамгаалагч” болж, буруу булхайг нь нүдээ анин өнгөрүүлж ирсэн гэм Л.Гантөмөрт бий. Энэ бүхнийхээ хариуцлагыг тэр хүлээн, ажлаа өгөхдөө олон нийтээс харин оноо авч чадав. “Дараагийн Засгийн газарт АН орохгүй. Санал хураалтад ч оролцохгүй” хэмээн УИХ дахь бүлгийн гишүүдээ нэгдсэн байр суурь дор зангидаж чадсан, хүчтэй сөрөг хүчин хийхээр болсонд нь иргэд талархсан юм. Буухдаа тэр ийнхүү иргэдэд тааламжтай, намдаа хэрэгтэй шийдэл гаргаж, өөртөө оноо авлаа.
Одоо түүний оронд АН-ын дараагийн дарга болох хүмүүсийн марафон өрнөж байна. Горилогчид бүгд УИХ-ын гишүүн байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Ц.Туваан, Ц.Баатархүү гээд 10 орчим хүний нэр дуулдаж буй. Олон фракцтайгаараа алдартай АН-ын бүлэглэл бүрээс л хүмүүсээ сойх нь мэдээж. Гэтэл Л.Гантөмөр мэдэгдлээ хийгээд сар гаруй болсон атал түүнийг чөлөөлсөнгүй, орны хүнийг тодруулсангүй. Шалтгаан нь өнөөх л Улс төрийн намын тухай хуультай холбоотой. Үүний дагуу эхлээд үндсэн дүрмээ шинэчилж байж даргаа сольж, дараагийнхыг нь томилохоор хүлээж байгаа гэнэ. Тус намаас үндсэн дүрмээ шинэчлэхээр ажлын хэсэг байгуулж, орон даяар гишүүд, дэмжигчдээсээ санал авсан байна. Одоо тэдгээрийг нэгтгэхээр ажиллаж буй сурагтай. Үүний дараа Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлана. Тэндээс Их хурлаа товлох нь. Наадмаас өмнө ҮБХ-ны хурлаа хийж, дараагийн даргын нэрийг тодруулж амжих, эсэхийг нь харж байя. Үгүй бол бүх үйл явдал наймдугаар сарын сүүлч, есдүгээр сар болтол хойшилно. Долоодугаар сард монголчууд улс даяараа шахам амардаг уламжлалтай билээ. Тиймээс ирэх намрын улс төр халуухан болох төлөвтэй.
"Үндэсний ТОЙМ" сэтгүүл
С.ТУУЛ