
Австрали, Соломоны арлууд аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Канберра тус улсын батлан хамгаалах салбарын гол түнш болж байгаа юм. Ингэснээр өмнө нь Хятадтай ижил төстэй гэрээ байгуулж байсан Номхон далайн арлын улсын байр сууринд өөрчлөлт гарч байна.
Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, уг гэрээний хүрээнд Австрали Соломоны арлуудын цагдаа, хилийн хамгаалалтын хүчинд илүү өргөн үүрэг гүйцэтгэж, Хониара хот чухал дэд бүтцийн асуудлаар Австралитай зөвлөлдөх шаардлагатай болно. “Австрали улс Соломоны арлуудын аюулгүй байдлын гол түнш болсондоо бахархаж байна. Энэ бол бидний маш нухацтайгаар авч үздэг хариуцлага билээ” гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Энэ гэрээ нь бүс нутаг дахь нөлөөгөө тогтоохын төлөө Хятадтай өрсөлдөж буй Канберрагийн хувьд томоохон амжилт юм. Австрали улс саяхан Папуа Шинэ Гвиней, Вануату, Фижи улстай мөн ижил төстэй гэрээ байгуулсан.
Түүнчлэн энэ нь Хятадыг олон жилийн турш шүүмжилж ирсэн ч сүүлийн жилүүдэд байр сууриа зөөлрүүлээд байсан Вэйлийн хувьд бодлогын томоохон өөрчлөлт болж байна. “Соломоны арлууд хэдэн жилийн турш бүс нутагт тодорхойгүй байдал, эргэлзээ үүсгэж ирсэн. Одоо тэр үе дууссан” гэж Вэйл хэлжээ.
Вэйл 2022 онд Хятадтай байгуулсан аюулгүй байдлын гэрээг эрс шүүмжилж байсан нь АНУ болон Номхон далайн бусад орнуудын шүүмжлэлтэй нийцэж байв. Тэрбээр уг гэрээ бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж, одоогийн түншүүдтэйгээ тогтоосон харилцаанд аюул учруулж болзошгүй гэж мэдэгдэж байжээ.
Австралийн хэвлэлүүд Соломоны арлуудын Бээжинтэй байгуулсан гэрээг цуцалсан гэж мэдээлсэн ч Вэйл нууц задруулахгүй байх гэрээг үндэслэн уг хэлэлцээрийн одоогийн байдлын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.